Ачаалж байна…
Ачаалж байна…
Jargal D

ТАЙБЭЙ, 2026 оны арваннэгдүгээр сарын 29 /NHK/. Тайванийн нийслэл Тайбэй хотын одоогийн дарга, Гоминдан намын төлөөлөгч Чан Ваньань хотын даргын сонгуульд ялснаа зарлажээ. Сөрөг хүчний намаас нэр дэвшсэн тэрбээр бямба гарагт орон нутгийн цагаар 20:00 цагийн орчимд дэмжигчдэдээ хандан үг хэлэхдээ уг мэдэгдлийг хийсэн байна. Чан Ваньань нь Тайванийн засаг захиргааны анхны тэргүүн Чан Кайшигийн гуч юм.
Түүний өрсөлдөгч, эрх баригч Ардчилсан дэвшилт намаас нэр дэвшсэн Пума Шэнь анх удаа хотын даргын сонгуульд өрсөлдсөн боловч ширүүн өрсөлдөөний эцэст ялагджээ. Бээжин түүнийг Тайванийг тусгаар тогтнуулахыг дэмждэг гэж үздэг байна.
Тайбэй хот нь орон нутгийн нэгдсэн сонгуулиар захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд болон төлөөлөгчдийг сонгож буй 22 хот, хошууны нэг юм. Одоогоор санал тоолох ажиллагаа үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгуулийг эрх баригч Ардчилсан дэвшилт нам болон сөрөг хүчний Гоминдан намын хоорондох улс төрийн өрсөлдөөн төдийгүй 2028 онд болох Тайванийн удирдагчийн сонгуулийн өнгийг тодорхойлох нэгэн төрлийн үзүүлэлт гэж үзэж байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар, сонгуулийн дүн Тайванийн одоогийн удирдагч Лай Чиндэ цөөнхийн засаг захиргаагаа удирдах чадавхад, мөн Тайванийг нэгтгэх талаарх Хятадын бодлогод нөлөөлж магадгүй байна.
Мөн энэ удаагийн сонгуулийн үеэр арлын захиргаанаас хэрэгжүүлж буй цөмийн эрчим хүчнээс татгалзах бодлогыг цуцлах эсэх асуудлаар сонгогчдын саналыг авчээ.