Ливаны эрх баригчид Каддафийн хүүг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-15 16:15:00

БЕЙРУТ. /АР/. Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Ганнибал Каддафиг Ливаны эрх баригчид саатуулан хорьсон тухай “Al-Nahar” сонинд мэдээлжээ.

Каддафийн хүүг 1978 онд сураггүй алга болсон Ливаны шиитүүдийн шашны гол удирдагч Муса аль-Садра болон түүний хоёр туслахын хувь заяаны талаар байцаасны дараа баривчилсан байна.

Энэ хүмүүс алга болсон нь Муаммар Каддафитай холбоотой гэж Ливаны эрх баригчид үзэж байгаа аж. Тухайн үед Ганнибал гурван настай байсан байна.

Хэдийгээр Муаммар Каддафи 2011 онд Ливид болсон бослого хөдөлгөөний үеэр амь үрэгдсэн ч аль-Садрагийн хувь заяа одоог хүртэл тодорхойгүй байгаа  юм. Аль-Садра хоёр туслахынхаа хамт Ливийн нийслэл хотын нисэх онгоцны буудлаас Ром руу ниссэн гэж түүнийг сураггүй болсноос хойш Триополигийн эрх баригчид мэдэгдсээр байгаа аж.

Ганнибалыг өнгөрсөн долоо хоног Ливаны телевизийн сувгуудаар гаргасан байна. Тэрбээр аль-Садрагийн хувь заяатай холбоотой мэдээлэлтэй хүмүүс эрх баригчидтай холбогдохыг уриалжээ. Ганнибал нүд нь хөхөрч, зодуулсан байдалтай гарсан боловч “сэтгэл санаа, биеийнх нь байдал сайн байгаа” гэж хэлсэн байна.

Ганнибал Каддафиг цагдаа нар Ливаны зүүн хойд нутагт оршдог Баальбек хотод түүнийг байлгаж байсан босогчдоос өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу 12 дугаар сарын 11-нд авчээ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, Каддафийн хүүгээр сураггүй алга болсон шашны удирдагчийн хувь заяаны талаарх мэдээллийг шахаж хэлүүлсэн байна. Тэрбээр Ливийн шоронд хоригдож байж магадгүй гэж гэр бүлийнхэн нь найдаж байгаа боловч одоо 87 нас хүрсэн байх ёстой аль-Садраг шоронд хоригдож байгаа гэдэгт ливанчуудын дийлэнх нь эргэлзэж байна.

Муса аль-Садра нь Ливаны иргэний дайнд оролцож байсан “Амаль” хөдөлгөөний цэргийн жигүүр болох “Доромж амсагчдын хөдөлгөөн”-ийг 1974 онд үүсгэн байгуулсан байна. Ливаны шиитүүдийн нам болох “Амаль”-ийн гишүүд 1990 оноос хойш парламентад байнга сонгогдож байгаа юм. Одоо тус намыг парламентын одоогийн спикер Наби Берри тэргүүлдэг аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ