ӨМНӨГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэлийг 89.7 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-11-20 16:06:00

Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 89,7 хувьтай хангасан талаар ХХААГ-аас мэдээллээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны “Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах тухай” 56 дугаар тогтоолыг гаржээ.

 

Тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд 30,0 тонн өвс бэлтгэхээс 100,0 тонн, 26 тонн тэжээл бэлтгэхээс 26 тонн хивгэн тэжээл бэлтгэн 100 хувь гүйцэтгэж өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 04 дугаар албан даалгаврыг 94 хувьтай хангажээ.

 

Энэ өвөл аймгийн хэмжээнд 2 сая толгой мал өвөлжих бөгөөд нийт малыг хонин толгойд шилжүүлснээр 3,2 сая толгой мал өвөлжиж хаваржина. 52,7 мянган толгой мал отроор өвөлжиж хаваржих юм.

 

Бэлчээрийн хүрэлцээ хангамж 85 хувьтай, хил залгаа аймагт 30 өрхийн 12,0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 163 өрхийн 34,4 мянган толгой мал, нийт малчин өрхийн 3,2 хувь нь 193 малчин өрх отроор өвөлжинө.

 

Малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн даалгаврыг 89,2 хувьтай бэлтгэсэн бол аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бэлтгэлийг 99,7 хувь, ашиглахад бэлэн бэлчээрийн уст цэг 4826 буюу нийт уст цэгийн 86,5 хувь, усаар хангагдсан өрхийн тоо 5325 буюу нийт малчин өрхийн 87,2 хувьтай хангажээ.

 

Улсын болон орон нутгийн төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 13 инженерийн хийцтэй худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулснаар бэлчээрийн усан хангамжийг 64 хувьд хүргэжээ.

 

Холбоотой мэдээ