Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд шинэ автобус нэмэгдэнэ

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:29:43

Хот хоорондын зорчигч тээврийн “Аж мянган”  ХХК ирэх зунаас парк шинэчлэлт хийхээр боллоо. Эднийх Улаанбаатар-Дорнод-Улаанбаатар мөн тус аймгийн Дашбалбар сумын чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх болсоор удаж байна.

Тус компани одоогоор том оврын 18, дунд оврын гурван автобусаар зорчигчдоо тээвэрлэдэг.  Саяхан болсон “Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2011-1015 онд авах зээлийн тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр”-т оролцсоноор  БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ. Тус улсын “Эксим” банк манай улсын Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд жилийн 0,15 хувийн  хүүтэй 30 сая ам.доллар зарцуулж,  хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр манай улсад том болон дунд оврын 200 автобус нийлүүлэх юм. Аж ахуй эрхлэгчтэй Авто тээврийн Үндэсний төв дамжуулан зээлдүүлэх гэрээ хийж, автобусуудыг хуваарилна. Зээлийн гэрээ 12 жилийн хугацаатай.

“Аж мянган” ХХК-ийн Тээвэрлэлт хариуцсан менежер Ц.Ганболдын яриагаар эхний ээлжинд хоёр том оврын болон нэг дунд оврын автобусны захиалга өгөх бодолтой байгаа гэнэ. Дорнодын чиглэлд хатуу хучилттай зам тавьсан болохоор шинэ автобустай болсноор өвлийн улиралд зорчигч тав тухтай зорчих боломжтой болоод байгаа юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ