Монголын түүхийн ноён оргил “Юань улсын судар”-ын орчуулга хэвлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-17 11:51:13

Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд “Юань улсын судар”-ын орчуулгыг  БСШУЯ-наас бэлтгэн хэвлүүллээ.

Монголын түүх, хэл,соёл, нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалт мэдлэг ухааныг судлах, монгол судлалыг дотоод, гадаадад тогтвортой хөгжүүлэх асуудлыг бодлогоор дэмжих чиглэлээр Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс тодорхой төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ-наас үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.

2015 онд Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөнд монгол судлалын мэдээллийн нэгдсэн веб хуудсыг үүсгэх, гадаадын иргэнд зориулсан монгол хэлний түвшин тогтоох онлайн шалгалтыг боловсруулах, “Монгол сурвалж бичгийн өв” цувралын тэргүүн дугаарт “Юань улсын судар”-ын монгол орчуулгын эх бичвэрийг хэвлүүлэх ажлыг тусган баталжээ.

Энэхүү цувралаар монгол судлалын холбогдох байгууллага, номын сан, архив, хувь хүмүүст хадгалагдаж буй монголын түүх соёлын ховор чухал сурвалж бичгийг судалгааны эргэлтэд оруулах юм.

Сурвалж бичгийг хадгалж дарах тусам үнэ цэнэ нь өсдөг гэсэн ташаа ойлголтыг халж, соёлын өв дурсгалыг судлах эзэнд нь хүргэж эх сурвалжийн үнэ цэнэ, ач холбогдлыг улам  бодитой болгохоор энэхүү цувралыг эхлүүлж байгаа аж. Өнөө хэр мэдэгдэж буйгаар “Юань улсын судар”-ын ганц бүрэн орчуулга байдаг нь Монголын Үндэсний төв номын санд хадгалагдаж буй "Дандаа чянсан" хэмээх Дэмчигдоржийн эл орчуулга юм. Энэ удаад уг судрын орчуулгын “Хураангуй зүйл”-ээс 69 дүгээр дэвтэр хүртэлх хэсгийг 6 ботиор эмхлэн хэвлүүлжээ.

Эдгээр ботийг СГЗ Г.Аким, академич Д.Цэрэнсодном тэргүүтэй 10 орчим эрдэмтэн эмхэтгэжээ. Г.Аким хэлэхдээ, “Монголчуудын түүхийг мэдэхгүйгээр дэлхийн түүхийг мэдэх аргагүй хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. “Юань улсын судар”-т Чингис хааны үеэс Хубилай хааны үе хүртэлх  хаад, хатад, жанжид зэрэг Монголын төрд зүтгэж явсан улсын намтар түүх багтдаг. Ер нь судар бичгүүдэд голдуу хаадын намтар түүхийг бичин, жирийн жанжин, баатруудыг орхисон байдаг бол  энэ сударт бүгдийг цогцоор нь бичсэнээрээ онцлогтой. Монголын түүхийн сурвалж бичгийн ноён оргил болох номыг хэвлэн гаргаж байгаа нь монголчуудын түүхийн мэдлэг, оюуны сүвийг нээхэд жинтэй хувь нэмэр оруулж байна” гэв.

Ирэх онд үлдсэн 140 дэвтрийг хэвлүүлж, олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ