Л.Батцэнгэл: ААН, иргэнд зориулсан хөнгөлөлтийг татвар төлөгч бүр ашиглах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136 @gmail.com
2025-10-24 11:50:25

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын татварын алба 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй татварын төрөл хэлбэр, татвар ногдуулах арга зүйн талаар ярилцлаа.

 

-Монгол Улсад хэчнээн төрлийн татвар байдаг вэ. Татварын төрөл хэлбэрүүд, ногдуулах арга зүйн талаар мэдээлэл өгөөч?

 -Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хуулиар батлагдсан 30 төрлийн татвар байдаг. Эдгээрийг дотор нь албан татвар, төлбөр, хураамж гэж гурав хуваадаг. Албан татвар нь хуулийн дагуу ногдуулаад, ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Албан татварын ангилалд 13 төрлийн татвар хамрагдана.

 

Хоёр дахь нь төлбөр. Төлбөр гэдэг нь төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхээ төлөө иргэн ААН-ийн төлж байгаа мөнгө юм. Тухайлбал, газрын төлбөр, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, ус ашигласны төлбөр зэрэг төрийн буюу нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг ашигласныхаа төлөө төлж байгаа мөнгө. 30 төрлийн татварын 14 нь төлбөр байдаг.

 

Гурав дахь нь хураамж. Бид төрөөс олон төрлийн үйлчилгээ авдаг. Төрөөс үйлчилгээ авсныхаа төлөө төлж байгаа мөнгөн хөрөнгийг хураамж гэж байгаа. Бид төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд бүртгэлийн хураамж төлдөг. Монголд бүртгэл, үйлчилгээ, зөвшөөрлийн гээд гурван төрлийн хураамж бий.. Ингээд 13 төрлийн татвар, 14 төрлийн төлбөр, 3 төрлийн хураамж нийлээд 30 төрлийн татвар болж байгаа юм.

 

-Татварыг хэрхэн ногдуулдаг вэ?

-Албан татварыг ногдуулахдаа нэгдүгээрт орлогод ногдуулдаг. Манайд ХХОАТ, ААНОАТ гээд орлого олж байгаа тохиолдолд орлогоос нь хоёр төрлийн татвар авдаг. Хоёрдугаарт, хөрөнгөд ногдуулдаг. Тухайн иргэн ААН-ийн эзэмшиж байгаа болон өмчилж байгаа хөрөнгөд нь ногдуулдаг татвар. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгийн, АТБӨЯХ-ийн албан татвар, Малын тоо толгойн албан татвар, Галт зэвсгийн албан татвар гээд байна. Хэрвээ би автомашинтай болбол АТБӨЯХ-ийн албан татвар төлнө. Гуравдугаарт, хэрэглээнд нь буюу тухайн иргэн ААН-ийн хэрэглэсэн бараа үйлчилгээнд ногдуулдаг татвар гэж бий. Жишээлбэл, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдсон бараа үйлчилгээг худалдан авсан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар ногддог архи, тамхи, бензин, суудлын автомашиныг худалдан авч хэрэглэж байгаа тохиолдолд тэр хэрэглээгээрээ дамжуулаад онцгой албан татвар төлдөг. Мөн тодорхой үйл ажиллагаанд татвар ногдуулж болно. Монгол Улсын хувьд нэг төрлийн үйл ажиллагаанд буюу төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд татвар ногдуулдаг.

 

Орлого болон хөрөнгөд ногдуулж байгаа татварыг тухайн татвар төлөгчөөс шууд авна. Харин хэрэглээнд ногдуулж байгаа татварыг шууд бусаар буюу таны хэрэглээгээр дамжуулаад авдаг. НӨАТ-ын баримт бол та хэдэн төгрөгийн НӨАТ төлж байгааг илэрхийлэх санхүүгийн баримт шүү дээ.

 

-Дээр дурдсан татварууд ямар ямар хувь хэмжээтэй байдаг юм бол?

-Татварын суурь гэсэн ойлголт бий. Энэ нь татвар тооцох үзүүлэлтийг илэрхийлнэ. Орлогын татварыг олсон орлогоос нь, ҮХЭХ бол үнэлгээнээс нь, АТБӨЯХ бол цилиндрийн багтаамжаас нь бодож татвар авдаг. Үүнийг татварын суурь гээд байгаа юм. Харин татварын хувь хэмжээ гэдэг нь орлогоос нь хэдэн хувиар татвар тооцох тухай, ҮХЭХ-ийн хувьд түүний үнэлгээний хэдэн хувиар татвар авах, НӨАТ гэхэд таны хэрэглэсэн бараа ажил үйлчилгээний хэдэн хувь нь НӨАТ юм гэх зэрэг татварыг ногдуулан тооцдог хувь хэмжээ,  процентыг илэрхийлсэн ойлголт юм. Татварын онол дээр татварын хувь хэмжээг гурван янзаар тогтоож болдог.

 

Нэгдүгээрт, ихэнх төрлийн татвар тогтмол хувь хэмжээтэй байдаг. Жишээ нь, ногдол ашгийн орлогоос 10 хувь, хүүгийн орлогоос 10 хувь, үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос 2 хувь, урлагийн болон спортын уралдаан тэмцээний шагналаас 5 хувь, сугалааны хонжвороос 40 хувийн татвар төлнө гэх зэрэг. Энэ нь татварын суурь нэмэгдсэн, буурсан ялгаагүй ижил хувиар татвараа тооцож, ногдуулна гэсэн үг.

 

Хоёрдугаарт, өсөн нэмэгдэх татвар гэж байдаг. Энэ бол татварын суурь нь нэмэгдэхээр татвар ногдуулах хувь хэмжээ нь дагаад нэмэгддэг татварууд юм. Монгол Улсын хувьд орлогод суурилсан татвар буюу ХХОАТ, ААНОАТ дээр өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг хэрэглэдэг. Жишээлбэл, ААН-үүд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар татвар ногдуулах орлого нь 6.0 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10 хувийн татвар төлнө, харин үүнээс давбал 6.0 тэрбум хүртэлх дүнгээс 10 хувиар бодоод 600.0 сая төгрөг, түүн дээр 6.0 тэрбумаас давсан дүнгийнхээ 25 хувиар татвар төлнө. Өөрөөр хэлбэл, 6.0 тэрбумаас дээш болохоор татварын хувь хэмжээ нь 10 хувь биш, 25 хувь болоод нэмэгдэж байна. Мөн ХХОАТ гэхэд одоогийн хуулиар цалин түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэрээр сарын татвар ногдуулах орлого 10.0 сая төгрөг хүртэл байх юм бол татвар нь 10 хувиар, сарын орлого нь 10-аас дээш 15.0 сая төгрөг хүртэл байвал 10.0 сая төгрөгөөс дээш дүнгийн 15 хувиар, сарын орлого нь 15.0 сая төгрөгөөс дээш болчих юм бол давсан дүнгийн 20 хувиар гээд. Энд 10, 15, 20 хувь гээд тухайн татвар төлөгчийн орлого нь нэмэгдэхээр татварын хувь хэмжээ нь дагаад нэмэгдэж байна. Ер нь татварын дахин хуваарилах үүргийн дагуу өндөр орлого олж байгаа хэсгээс нь арай илүү татвар авах, нөгөө талд нийгмийн халамж шаардлагатай хэсэгт нийгмийн үйлчилгээг хүргэхийн тулд өсөн нэмэгдэх татварын хувь хэмжээг олон улсад түгээмэл ашигладаг.

 

Гурав дахь нь буурах татвар гэж байдаг.  Өсөн нэмэгдэх татварын яг эсрэгээр гэсэн үг. Татварын суурь нь нэмэгдэхэд татварын хувь хэмжээ нь багасдаг. Үүнийг тодорхой нэг салбарын үйл ажиллагааг дэмжихийн тулд хэрэглэдэг. Үйл ажиллагаа нь сайжрахад, татварын суурь нь нэмэгдэх тутам татварын бодлогоор дэмжээд татварын хувь хэмжээг нь бууруулдаг гэсэн үг. Манай улсад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиудын хувьд бол ийм буурах зүй тогтолтой татвар байхгүй.

 

-Сайн үйлсийн аян эсвэл урлаг, спортынхныг дэмжихэд татварын ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ. Энэ хөнгөлөлтийн талаар, бас ямар ямар боломж байдаг вэ?

-Татварын хуульд татварын хөнгөлөлт, татвараас чөлөөлөх гэсэн ялгаатай ойлголт бий. Татварын хөнгөлөлт нь ногдуулсан татварыг бүрэн буюу хэсэгчлэн бууруулахыг хэлнэ. Та 100 төгрөгийн татвар төлөх ёстой байснаас үүний 5₮, 10₮, эсвэл бүгдийг нь бууруулах ч гэдэг юм уу. Харин татвараас чөлөөлнө гэдэг нь тухайн төрлийн татварын харилцаанаас бүрмөсөн чөлөөлөхийг хэлнэ. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ХХОАТ-аас чөлөөлдөг.  

 

Татварын хөнгөлөлтийн хувьд олон төрлийн хөнгөлөлттэй. ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 буюу ААН-үүд нийгмийн хариуцлагын хүрээнд, нийгэмд тустай хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн дэмжлэг, тусламж, хандив үзүүлэх юм бол тухайн жилийн татвар ногдох орлогын нэг хувьтай тэнцэх дүнгээр татварын хөнгөлөлт эдэлж болох заалт бий. Гол шаардлага нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн бөгөөд тухайн ААН-ийн орлого олох үйл ажиллагаатай холбоогүй байх гэж заасан. Үүнд, урлаг, спорт, соёлын өвийг хамгаалах, боловсрол эрүүл мэндийг дэмжих гэх мэт олон төрлийн хандив, тусламж хамрагдаж болно. Хамгийн гол нь тухайн ААН-ийн үйл ажиллагаатай холбоогүй бөгөөд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд өгсөн хандив тусламж, хөрөнгө оруулалт байх ёстой.


Татварын хууль тогтоомжууд дээр олон төрлийн хөнгөлөлт байгаа бөгөөд эдгээрийг үндсэн 4 бүлэгт ангилж болно.

Нэгдүгээрт, татварын суурийг бууруулах хөнгөлөлт. Татварын суурь гэдэг нь татварыг ямар дүнгээс эсвэл ямар үзүүлэлтэд үндэслэн ногдуулах вэ гэсэн ойлголт. Иймээс татвар тооцох суурь дүнг нь бууруулах замаар төлөх татварыг бууруулах хөнгөлөлт байна. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар байна. Газрын татвар гэхэд жишээ нь гэр бүлийн хэрэгцээний газар бол нийслэлд газрын үнэлгээг 95 хувь бууруулаад, үлдсэн 5 хувьд нь татвар ногдуулна гэсэн үг. Аймагт 97 хувь, сумдад 98 хувь бууруулж тооцдог. Мөн газар тариалангийн зориулалттай газрын хувьд үнэлгээг 95 хувь бууруулаад, 5 хувиас нь татвар тооцдог.

 

2025 онд татварын хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд татварын суурийг бууруулах хөнгөлөлт 3 төрлийн татварын хуульд нэмэлтээр орохоор төсөлд тусгасан. ААНОАТ, ХХОАТ мөн НӨАТ-т хялбаршуулсан горим ашиглан татвараа тайлагнах тухай, босго дүнг 400 сая төгрөгөөр тогтоож, татварын суурийг бууруулан тооцохоор төсөлд тусгасан. Тухайлбал, НӨАТ-ын тухай хуулийн төсөлд хялбаршуулсан горимоор тайлагнаж буй татвар суутган төлөгчийн НӨАТ тооцох татварын суурийг нь шууд 90 хувь бууруулахаар байгаа. Мөн адил ААНОАТ болон ХХОАТ-т хялбаршуулсан горимоор тайлагнаж буй үйл ажиллагааны орлогын татварын суурийг 90 хувь бууруулахаар тусгасан. ААНОАТ-ын суурь хувь 10 хувь, НӨАТ 10 хувь. Гэтэл татварын суурийг нь 90 хувь бууруулчихаар үндсэндээ 10 хувь биш нэг хувийн татвар төлнө гэсэн үг.

 

Хоёр дахь төрлийн хөнгөлөлт бол татварын хувь хэмжээг бууруулах хөнгөлөлт. Жишээлбэл, ААНОАТ-ын нийтлэг хувь хэмжээ 10 хувь байдаг. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа ААНОАТ-ын тухай хуульд ААН-ийн жилийн татвар ногдох орлого нь 300 сая төгрөг хүртэл байх юм бол 10 хувиар биш 1 хувиар татвар төлдөг. Хувь хэмжээг нь бууруулсан байна. Мөн зарим тохиолдолд тухайлсан татварын хувь хэмжээг бууруулдаг. Тухайлбал, ногдол ашгийн болон хүүгийн орлогын үндсэн татвар нь тогтмол 10 хувь байдаг. Тэгвэл санхүүгийн зах зээл, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалж байгаа бонд болон хувьцааны хүүгийн орлого, ногдол ашгийн орлогоос авах татварын хувийг 5 хувь болгож хөнгөлсөн. Мөн эрх борлуулсны орлогоос авах татварын үндсэн хувь нь 10 хувь, харин  борлуулсан эрх нь оюуны өмчид хамаарах эрх бол татвар нь 5 хувь гэх зэргээр тухайн татварын хувь хэмжээг бууруулах тохиолдол бий.

 

-Хөнгөлөлтөөс гадна буцаан олголт байдаг шүү дээ?

-Тийм. Татварын буцаан олголт нь үндсэндээ татварын хөнгөлөлттэй холбоотой. Энэ нь татварыг хөнгөлөх замаар буцаан олгодог гэсэн үг. Жишээ нь, ХХОАТ-т орон сууц худалдаж авахад хөнгөлөлт эдэлдэг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 6 сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлдэг. Орон сууц худалдаж авсан тухайн татварын жилдээ ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайлан гаргаж илгээснээр хөнгөлөлт эдэлж, тухайн жилд төлсөн татвараасаа буцаан авах боломжтой болдог. Энэ нь нэг талаасаа хөнгөлөлт, нөгөө талаас энэ хөнгөлөлтөөр дамжаад танд татварын илүү төлөлт үүсэж, илүү төлөлтийг буцаан олгож байна гэсэн үг.


Одоо санал авч байгаа татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ-ын төсөлд орон сууц худалдаж авахад буцаан олгодог хөнгөлөлтийн дүнг 15 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгасан.

ХХОАТ-ын тухай хуульд буцаан олгодог бас нэг хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Төрсөн болон асрамж дэмжлэг авч байгаа хүүхдийнхээ их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн тохиолдолд энэ сургалтын төлбөрт ногдох татварын хөнгөлөлтийг эдэлдэг, уг хөнгөлөлтөөс үүссэн илүү төлөлтийг буцаан авдаг.

 

Мөн ийм төрлийн хөнгөлөлт НӨАТ-т бий. Бид хэрэглээгээр дамжуулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөд, үүнийхээ 20 хувийг нь буцаан авдаг. НӨАТ-ын хуулийн шинэчлэлийн хүрээнд энэ буцаан олголтыг нэмэгдүүлэхээр тусгасан. Хуулийн төсөлд тусгаснаар иргэний сарын худалдан авалт 500.0 мянган төгрөг хүртэл байх юм бол төлсөн НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, 500.0 мянгаас 1.0 сая төгрөгийн хооронд бол 50 хувийг буцааж олгох, 1.0 сая төгрөгөөс дээш бол 20 хувийг буцаан олгохоор тусгасан. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар ямар нэгэн шатлалгүй 20 хувь олгож байгаа. Тэгэхээр энэ нь 20, 50, 100 хувь болж  буцаан олголт байдлаар иргэнд очих мөнгө нэмэгдэнэ гэсэн үг.

 

ААНОАТ-ын тухай хуульд бас буцаан олгодог хөнгөлөлт бий. Энэ хүрээнд ААН-ийн татвар ногдох орлого нь 300.0 сая төгрөг хүртэл байгаа тохиолдолд нэг хувийн татвар байна. Үүн дээр төлсөн татварыг буцаан олгодог хөнгөлөлтийн нэг заалттай. Энэ нь ААН-ийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл байх юм бол 10 хувиар тооцож татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг нь буцааж авах тухай зохицуулалт юм. Одоо санал авч байгаа хуулийн шинэчлэлийн хүрээнд хөнгөлөлтийн хамрах хүрээг өргөжүүлж, ААН-ийн татвар ногдох орлого 1.5 тэрбум төгрөг хүртэл үед 10 хувиар татвар төлөөд 90 хувийг нь буцааж авах энэ зохицуулалт хэвээрээ. Дээр нь нэмээд ААН-ийн татвар ногдох орлого нь 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөгийн хооронд бол 10 хувиар татвар төлөөд 50 хувиа буцааж авах зохицуулалт тусгасан. Энэ нь жижиг, дунд ААН-дэд чиглэсэн маш том дэмжлэг юм.

 

Хөнгөлөлтийн дөрөвдэх хэлбэр бол ногдуулсан татварыг бууруулдаг хөнгөлөлт. Татварыг нь тооцоод тодорхой дүн гараад ирмэгц  бууруулдаг хөнгөлөлт гэсэн үг. Энэ бол хөнгөлөлтийн хамгийн түгээмэл хэлбэр юм. ААНОАТ-ын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй холбоотой 2 төрлийн хөнгөлөлтийн зохицуулалттай. Энэ нь 25-аас дээш ажилтантай ААН-ийн нийт ажилтны 3-ны 2-оос доошгүй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх юм бол ногдуулсан татварыг 100 хувь хөнгөлнө. Мөн нийт ажилтны дотор хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан ажилтан хэдэн хувь байна тэр хувь хэмжээгээр ногдуулсан татварыг нь хөнгөлдөг. Хэрэв манайх 100 ажилтантай, үүний 4 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа гэвэл ногдуулсан татварыг 4 хувийг хөнгөлнө гэсэн үг.

 

Ер нь үйл ажиллагааны чиглэл, Улаанбаатараас алсалсан байдалтай холбоотой хөнгөлөлт гээд  ногдуулсан татварыг бууруулах хөнгөлөлт олон байдаг. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийсэн, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн бол татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг эдэлнэ гэх мэт. Энэ 22.9-т 11 чиглэл зааж өгсөн. Үүнтэй холбоотой 10 яам стандарт, шаардлагаа баталж гаргасан. Үүний дагуу хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг, хандив өгсөн бол энэ хөнгөлөлтийг эдэлнэ гэсэн үг.

Татварын хууль тогтоомжоор иргэн ААН-д зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлтийн маш олон заалт байдаг. Энэ нь татвар төлөгчдөд бүгдэд олгож байгаа тэгш боломж шүү дээ. Иймээс татвар төлөгч бүр энэ боломжийг ашиглах хэрэгтэй.  

Холбоотой мэдээ