Энэ жил дүрвэгсдийн тоо 60 саяд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-19 13:23:28

НҮБ. /TASS/. Шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүний тоо энэ жил 60 саяас давах бөгөөд энэ нь хамгийн дээд үзүүлэлт болох тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн  дээд комиссарын газар мэдээлжээ.

Энэ байдал нь тэсвэр тэвчээр, энэрэл нигүүлсэл, эв нэгдлийг шаардаж байна гэж НҮБ-ын Дээд комиссар Антонио Гутьеррес мэдэгдсэн байна.  Энэ нь ялангуяа өдөр бүр мянга мянган дүрвэгч ирж байгаа Европт хамаатай гэж тэрбээр хэлжээ. Зуун мянган дүрвэгч хүлээж авах хөтөлбөрийг батлахыг НҮБ-ын Дээд комиссар Европын эрх баригчдад уриалсан байна.  

НҮБ-ын мэдээлснээр, 2014 оны эцсээр шилжин суурьшихаас аргагүйд хүрсэн хүний тоо дэлхий даяар 59.5 саяд хүрсэн байна. Одоо голдуу Сирийн дүрвэгсдийн тоо өсч байгаа аж. Энэ оны эхний зургаан сарын хугацаанд Сирийн дүрвэгсдийн тоо 300 мянгаар нэмэгдэж, 4.2 сая давсан байна. Гэвч Сирийн байдлыг харгалзалгүйгээр дэлхийн дүрвэгсэд болон дотооддоо шилжин суурьшигчдын тоо өссөөр байгааг НҮБ цохон тэмдэглэжээ.

Эхний хагас жилийн хугацаанд Турк улс хамгийн олон буюу 1.84 сая орчим дүрвэгчийг хүлээж авсан байна. Европын орнуудаас Герман улс энэ оны эхний хагас жилд хамгийн олон буюу 159 мянган дүрвэгчээс түр оршин суух хүсэлт хүлээж авчээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ