БОЭТ-ийн эмч нар буруу онош тавин иргэдийг хохироосоор байна

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 22:00:52

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн их эмч нар гадаад, дотоодын сургалтанд хамрагдахын хэрээр хүн буруу оношилж, иргэдэд сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хохирол үзүүлдэг боллоо гэсэн шүүмжлэл тасрахгүй байна.

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд эмч нарын буруу оношилгоотой холбоотой гомдол, шүүмжлэл сүүлийн хоёр сарын байдлаар тасрахгүй ирж, эмч нар ч хуулийн байгууллагад байцаагдах, хянагдах нь олширч байна. Өвчтөнөө буруу оношилсон гэх шалтгаанаар шүүхийн байгууллагад хэргээ шийдвэрлүүлсэн нэр бүхий эмчийн асуудал дуусаагүй байхад эх барих эмэгтэйчүүдийн клиникийн нэгэн эмч хамт ажилладаг бүсгүйгээ зодсоны улмаас Цагдаагийн газраар багагүй эргэлдээд авсан.

Мөн горьдсоны улмаас идээлж хавдсан хөхийг “хавдар” хэмээн оношилж иргэнд бөөн “ажил” тарьсан эмчийн араас төмсөгний хорт хавдрыг нурууны суулт хэмээн оношилж, физик эмчилгээнд хамруулсан эмчийн тухай асуудал яригдаж эхэллээ. Тухайн иргэн ХӨСҮТ-д очиж үзүүлэхэд төмсөгний хорт хавдар нь дотор эрхтэндээ үсэрхийлэн хүндэрсэн гэж оношлогдсон бөгөөд “Танай аймгийн эмч нар буруу оношилж, хавдрыг тараасан байна” гэх хариуг өгчээ. Тиймээс өвчтөний ар гэрийнхэн БОЭТ-ийн эмчид гомдол гаргаад байгаа юм.

Эрүүл мэндийн асуудалтай иргэдийг Улаанбаатар хот руу явуулж цаг зав, зардал мөнгөний чирэгдэл учруулахгүй гэсэн том зорилгын улмаас аймгийн удирдлагууд БОЭТ-ийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг нь сургаж чадавхижуулахад маш их анхаарч буй. Сүүлийн гурван жилд улс, орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжигдсэн тэрбум орчим төгрөгийн өртгөөр БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж, зөвхөн энэ жилийн байдлаар 40 орчим эмч Турк, Солонгос, Орос, Япон, Тайланд, Филиппин зэрэг улс орнуудад мэргэжил дээшлүүлээд байгаа юм.

 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ