Сайн дурын даатгуулагчид шимтгэлээ нөхөн төлж болохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-25 10:22:11

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль Нийгмийн даатгалын салбарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодрууллаа.

-Энэ хууль нийгмийн даатгалын хувьд иргэн, ААН-д ямар боломж олгож байгаа вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хувь хүн, хуулийн этгээд нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээг авч байгаа. Нийгмийн даатгалын хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэт заасны дагуу ажил олгогчоор бүртгүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан тайланг гаргаагүй, буруу гаргасан, эсвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, дутуу төлсөн бол нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж, хуульд заасны дагуу шимтгэл төлөх боложмийг олгож байгаа.

Энэ хүрээнд Нийгмийн даатгалын байгууллагатай холбоотой хувь хүн, хуулийн этгээд ажил олгогчоор бүртгүүлэх; ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу бууруулсан, эсвэл өөр бусад шалтгаанаар дутуу төлсөн үйл ажиллагааг харьяалах нийгмийн даатгалын байгууллага цааасаар хүлээн авна.

-Тайлангаа хаана гаргах вэ?

-Харьяалах нийгмийн даатгалын байгууллагадаа хандана. Ингэхдээ "Ажил олгогчийн гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)", "Даатгуулагчийн нийгмийн даатгалын

шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)"-г цаасаар гаргаж тайлагнах юм. Тайланд ажлын байр, орон тоо, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, татварын байгууллагад гаргасан тайланд тусгасан цалингийн сангаар ноглогдсон баримтууд хавсруулна.

-Хувь хүн, хуулийн этгээд ажил олгогчоор бүртгүүлэх бол яах вэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 83 дугаар тушаалаар баталсан "Ажил олгогчийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, дугаар олгох журам"-ын дагуу бүртгүүлж, дугаар авна. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгомон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар авч ирнэ.

-Тайлан хүлээн авахгүй байх үндэслэл бий юу?

-Ажил олгогч нь журамд заасан хугацаанаас өмнө аливаа үйл ажиллагаа эрхлээгүй, цалин олгоогүй, эсвэл хуулиар хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байсан, түүнчлэн мөн журмын дагуу баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахгүй. Ажил олгогч аливаа үйл ажиллагаа эрхэлж байсан болон цалин олгож байсныг нотлох баримт нь журмын дагуу татварын байгууллагад шинээр мэдүүлсэн тайлан байх бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн эрхэлж байсан үйл ажиллагааг нотлох боломжтой бусад этгээдийн тодорхойлолт байж болно.

-Нөхөн төлөх шимтгэлд алданги тооцох уу?

-Тооцохгүй. Нийгмийн даатгалын байгууллага тайлангийн холбогдох баримтыг тулган шалгаж, тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу тооцсон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн этгээдээр төлүүлж, тайланг баталгаажуулна.

-Хэдээс хэдэн оны хооронд дахь шимтгэлийг нөхөн төлж болох вэ?

-1995 оны нэгдүгээр сараас 2015 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацааны шимтгэл үүнд хамаарагдана. Ниймийн даатгалын байгууллагын байцаагч дээр дурьдсан баримтыг үндэслэн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт цалинг шинэчлэн бичиж баталгаажуулна. Мөн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлсэн даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нөхөн олгож, бичилт хийж баталгаажуулна.

-Сайн дурын даатгуулагчдын хувьд хууль үйлчлэх үү?

-Үгүй. Сайн дурын даатгуулагчдын хувьд нөхөн төлөх боломжгүй. Энэ хууль зөвхөн ажил олгогчийн тайланг ил болгоход чиглэгдсэн байгаа. 

-Энэ хууль хэрэгжсэнээс хойш Нийгмийн даатгалын салбарт ямар үр дүн гарав?

-Нийгмийн даатгалын байгууллага уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байга. Энэ сарын 14-ний аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийтдээ 571 ажил олгогч 3,3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогоо ил болгож, 1247 даатгуулагчийн 955,5 сая төгрөгийн шимтгэл төлөхөөр нөхөн тайлан гаргаж ирүүлснээс 729,1 сая төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлж, 364,5 сая төгрөгийн алдангаас чөлөөлөгдсөн. Мөн 571 ажил олгогчийн 92 нь нийгмийн даатгалын байгууллагад шинээр бүртгүүлсэн.

Хууль хэрэгжиж дуусах хугацааг ирэх оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан тул тул ажил олгогчид идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ