Энэ оны Букерийн шагналын эзэн тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-11-11 12:15:54

ЛОНДОН, 2025 оны тавдугаар сарын 22 /DW/. Энэ оны Букерийн шагналыг Канад-Унгар-Британийн зохиолч Дэвид Салэй хүртжээ. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг “Flesh” хэмээх романаараа хүртсэн тухай энэ оны шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахалсан Ирландын зохиолч Родди Дойл Лондон хотноо болсон шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгдсэн байна. 

 

Өдгөө 52 настай зохиолчийн зургаа дахь роман болох энэхүү зохиолд Унгарын ажилчин ангийн төлөөлөл болох Иштван гэдэг залуугийн түүхийг өгүүлдэг. Тэрбээр эх орондоо цэргийн алба хаасныхаа дараа Лондон руу нүүж, тэндхийн сурвалжит давхаргын чинээлэг хүмүүсийн гэрт ажиллахаар ирдэг.   


Уг романд эрэгтэй хүний зан чанар, анги давхаргын ялгаа, эрх мэдэл зэрэг сэдвүүдийг хөндсөн байна. Д.Салэй өөрөө энэхүү номоо “орчин үеийн Европ болон түүнийг тодорхойлдог соёлын болон эдийн засгийн ялгаануудын тухай” бүтээл гэж тодорхойлсон байна.


Букерийн шагналтнуудыг тодруулах сүүлчийн шатанд  Д.Салэйгаас гадна, Америкийн зохиолч Бенжамин Марковиц ("The Rest of Our Lives"), Сьюзан Чой ("Flashlight"),  Кэти Китамура ("Audition"), Британийн зохиолч Эндрю Миллер ("The Land in Winter"),  Энэтхэгийн зохиолч Киран Десаи ("The Loneliness of Sonia and Sunny") нарын бүтээлүүд шалгарчээ. 


Д.Салэй 2016 онд "All That Man Is" зохиолоороо Букерийн шагналд нэр дэвшиж байжээ. 


Энэхүү шагналыг 1969 оноос хойш олгож байгаа бол 2014 оноос хойш Их Британид зохиол нь англи хэлээр хэвлэгдсэн зохиолчид уг шагналд нэр дэвших болжээ. Шагналын мөнгөн дүн нь 50 мянган фунт стерлинг буюу 57 мянган евро юм.


2024 оны Букерийн шагналыг Английн зохиолч Саманта Харви Олон улсын сансрын станцад байрлаж буй зургаан сансрын нисгэгчийн нэг өдрийн амьдралын тухай өгүүлдэг “Тойрог зам” романаараа хүртсэн байна. 



Холбоотой мэдээ