Б.Арьяа: Монгол хүний насжилтын онцлогийг тодорхойлох асуудлыг 1930-аад оны хэлмэгдүүлэлт төвөгтэй болгосон
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
-Дэлхийн шинжлэх ухааны өдөрт-
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. АНУ-ын Насжилт судлалын үндэсний хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Бирагийн Арьяатай хийсэн цахим ярилцлагыг толилуулж байна. Шинжлэх ухаан, ялангуяа биологийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд 2011 онд “Tenured” буюу хүндэт доктор хэмээх нэр хүндтэй цолыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдийн Эрдэмтдийн зөвлөлийн саналаар олгосон байдаг. “Tenured” эрдэмтэн болсон нь түүний судалгаа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц гэдгийг баталсан хэрэг билээ.
-Олон улсын хэмжээнд 12 бүтээл нь патент авсан монгол эрдэмтэнтэй ярилцахад бахархалтай сайхан санагдаж байна. Мэдээж хэрэг, таны судалгааны талаар ярилцъя. Гэхдээ монгол хүн гэдгээрээ та хэзээ хамгийн ихээр бахархаж байсан бэ гэдэг асуултаар яриагаа эхэлж болох уу?
-Баярлалаа. Миний хувьд Монголын Шинжлэх Ухааны Академид үнэлэгдсэн нь, өөрөөр хэлбэл эх орон, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн нь хамгийн өндөр хүндэтгэл, бахархал юм.
-Баярлалаа, эхний асуултын маань учир нь, та эх орондоо
амьдарснаас илүү олон жилийг гадаадад өнгөрүүлжээ.
ОХУ, Унгар, улмаар Америкт 30 гаруй жил сурч ажиллаж, “Tenured” цолыг
хүртжээ. Энэ цол танд ямар боломжийг нээсэн бэ?
-Тийм ээ, цаг хугацаа нисэх мэт хурдан өнгөрчээ. Би АНУ-д ажиллаж, амьдраад бараг 35 жил болж байна гэдэгтээ одоо ч итгэхгүй байна. Шинжлэх ухаанд зориулсан чин сэтгэл, шаргуу хөдөлмөр минь эцсийн дүндээ үр өгөөжөө өгснөөр би ажил төрөлтэй болж, өөр зүйлд анхаарлаа сарниулахгүйгээр судалгааны ажлаа үргэлжлүүлэх боломжтой болсон тул би өөрийгөө үнэхээр их азтай хүн гэж боддог.
-Дэлхийн хүн зоны мөнхийн мөрөөдөл нь урт наслах. Насжилт
судлалын өнөө үеийн хамгийн сонирхолтой чиг хандлага нь юу байна вэ?
-Дэлхийн хэмжээнд бараг бүх газар оронд, Монголд ч мөн адил дундаж наслалт нэмэгдсээр байгааг бид мэднэ. Миний мэдэж байгаагаар 2023 онд Монголд дундаж наслалт 72 байсан. Энэ нь сайшаалтай хэдий ч яагаад бидний наслалт хөрш орнуудынхоос илт бага байна вэ гэх сонирхолтой асуулт гарч ирж байна.
Японд дундаж наслалт 84, Өмнөд Солонгост 83, Хятадад 78 байгаа. Энэ нь бидний ген, идэж буй хоол, амьсгалж буй агаар, амьдралын хэв маягтай холбоотой юу гэдэг нь зөвхөн анагаах ухааны үүднээс төдийгүй үндэсний эрүүл мэнд, тэр ч байтугай улс төртэй холбоотой маш чухал асуулт юм. Тиймээс ихэнх аж үйлдвэржсэн орон ихээхэн хөрөнгө нөөц зарцуулж, хөгшрөлтийн судалгааны төв, хүрээлэнгүүдийг байгуулж байна.
Хөгшрөлтийн судалгааны үндсэн чиглэл бол эрүүл хөгшрөлтийг
дэмжих, мөн
насжилттай
холбоотой хямрал, өвчин эмгэгээс учрах дарамтыг бууруулахад чиглэсэн стратегийг боловсруулахын
тулд
хөгшрөлтийн биологийн
мөн чанарыг танин мэдэх явдал юм.
Доктор Б.Аръяа ЗХУ-ын Ломоносовын их сургуульд генетикч мэргэжил эзэмшиж, 1991 онд ОХУ-д Биологийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Үүний дараагаар АНУ-ын Иллинойсын их сургуульд судлаачаар ажилласнаас хойш өдгөө 35 дахь жилдээ АНУ-д судалгааны ажил хийж байна. Энэ хугацаанд тэрээр 60 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлж, 12 патент эзэмшжээ.
-Хавдар болон насжилтын талаар хүмүүст ямар ямар буруу ойлголттой байдаг вэ?
-Хүмүүс
хөгшрөлт,
хорт хавдрын талаар ямар ойлголттой байдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хөгшрөлт бол
ихэнх төрлийн
хорт хавдрыг үүсгэдэг гол
эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс хорт хавдрыг насжилттай
холбоотой өвчин гэж үзэж болно. Хэдийгээр дархлааны тогтолцоо
хорт хавдартай
тэмцэхэд гол үүрэг гүйцэтгэдэг боловч нас ахих тусам хорт
хавдрын эсрэг
дархлааны хариу
үйлдэл өөрчлөгддөг.
-Дэлхийд хамгийн
урт насалсан хүн бол 122 насалсан франц эмэгтэй гэдэг. Өдгөө бол Дэлхийн хамгийн өндөр настай
хүн нь 116 настай англи эмэгтэй. Эрдэмтдийн хувьд, монголчуудын
генд онцлог үзэгдэл ажиглагддаг уу? Ерөөс
монгол хүний генд болон ахуй амьдралын онцлогоос шалтгаалан монгол хүний
насжилтад нөлөөлдөг өвөрмөц хүчин зүйлс байдаг уу?
-Монголчууд
урт наслах генийн өвөрмөц онцлогтой эсэхийг тодорхойлоход амаргүй. Зуун
настнууд гэгддэг 100 гаруй жил амьдарсан хүмүүсийн жишээг бид бүгд мэддэг
боловч энэ талаар монгол генийн өвөрмөц
байдлыг судалсан шинжлэх ухааны ямар нэгэн судалгаа байгаа эсэхийг би мэдэхгүй байна.
Түүхэн найдвартай мэдээлэл байхгүйгээс, мөн 1930-аад оны улс төрийн
хэлмэгдүүлэлтийн үеэр хүн амын багагүй хэсэг үрэгдсэн зэргээс шалтгаалан эл
асуудал улам төвөгтэй болсон гэж би үздэг. Гэхдээ урт
наслахад генээс гадна амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны
хүчин зүйлс ч нөлөөлдөг болохыг бусад оронд хийсэн зуун настнуудын талаарх судалгаа
харуулдаг.
-Хөрс,
агаарын бохирдол зэрэг насжилтад нөлөөлж, хавдрын эрсдэлд хүргэдэг хүчин
зүйлсээс ямар арга замаар сэргийлэх боломжтой вэ?
-Тийм ээ, агаар, хөрс, усны бохирдол нь хүний эрүүл мэндэд сөргөөр
нөлөөлж буй гол хүчин зүйлс мөн. Хэдийгээр бохирдол нь
бүх насны хүмүүст нөлөөлж байгаа боловч өндөр настай
хүмүүсийн хувьд бие сул, өвчинд өртөмтгий байдаг тул илүү эмзэг тусдаг гэж би боддог. Бохирдолд өртөх
эрсдэлийг хүмүүс өөр өөрсдөө бууруулж болох хэдий ч
Засгийн газар энэ асуудлыг зохицуулах
тал дээр гол үүргийг гүйцэтгэх ёстой.
- Манай улс цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсныг ДЭМБ тэмдэглэж байв. Бид бол вакцины ач тусыг сайн мэддэг ард түмэн. Гэхдээ вакцинд эрсдэлтэй тал бий юу?
- Хувь хүмүүсийн хувьд ч тэр, нийгмийн хувьд ч тэр вакцины ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Вакцины аюулгүй байдал бол хамгийн чухал. Вакциныг хүний биед хэрэглэхийг зөвшөөрөхөөс өмнө аюулгүй байдлын маш нарийн шалгалт, өргөн хүрээтэй хяналт явуулдаг. Аливаа вакцин нь дархлааны хариу урвалыг өдөөдөг антиген, түүнчлэн хариу урвалыг сайжруулахад туслах бодис болон тээгч зэрэг хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс тогтдог. Үүнээс үүдэн вакцины найрлага, хийх аргаас хамааран зарим хүнд хариу урвал илэрч болно.
Доктор Б.Аръяагийн олон судалгаанаас нэгийг нь онцолбол, хүний биед дархлааны эсийн хүчин чадлыг бууруулж, хавдрын эсийг дэмждэг процесс явагдаж байдгийг тэрээр багийнхаа гишүүдийн хамт нээж, хавдар судлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулжээ.
-Эрдэм шинжилгээний ажилд тань хүчтэй нөлөө үзүүлсэн хүн эсвэл үйл явдал байдаг уу?
-Шинжлэх
ухааны салбар дахь миний ажил, замналыг олон хүн дэмжиж байсан. Мэдээжийн хэрэг, эцэг эх маань
үлгэр дуурайлал үзүүлж, багш нар маань хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэд намайг шинжлэх ухаанд хөтөлсөн. 13, 14 настай байхад минь ээж маань эртний гүн ухаанч, анагаах ухааны нэрт эмч Авиценнагийн
(Ибн Сина гэдэг нэрээрээ алдаршсан) агуу бүтээлүүдтэй
намайг
танилцуулсан юм.
Түүний “Canon of Medicine”
номоос
зарим санааг ээж минь тайлбарлаж байсныг би одоо ч санадаг. Яг тэр үед аав маань
оюутан ахуйдаа унших дуртай байсан Поль
де Крюигийн "Microbe Hunters" номоо надад
бэлэглэж байлаа.
-Та Монголын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт гишүүн
болсон. Монголын шинжлэх ухаанд бодлогын түвшинд хөрөнгө оруулалт хийвэл эн
түрүүнд ямар салбарт анхаарал тавих шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Био-анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа Монголын
биотехнологи, уламжлалт анагаах ухааны судалгаа, хөгжүүлэлтэд хөрөнгө оруулах
нь эрүүл насжилт, хүний амьдрах хугацааг уртасгахад чухал ач холбогдолтой гэж
би хэлмээр байна.
Улаанбаатар