Японоос Хятад руу далайн бүтээгдэхүүний экспортыг сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /Kyodo/. Хятад руу далайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээсэн гэж Японы Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсэнтэй холбогдуулан 2023 онд Хятадын тал далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод байсан юм.
Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, Японы хойд нутгийн гол арал болох Хоккайдогоос зургаан тонн хөлдөөсөн хясааг лхагва гарагт Хятад руу тээвэрлэснийг Засгийн газар сайшааж байна гэжээ. Мөн Хөдөө аж ахуйн сайд Сүзүки Нориказү тусдаа хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, ирэх даваа гарагт 600 кг давсалсан далайн өргөст хэмх нийлүүлнэ гэдгийг дурдсан байна. Энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн мэдээлснээр, далайн өргөст хэмхүүдийг Японы зүүн хойд нутгийн Аомори мужаас нийлүүлэх ажээ.
Хятадын тал 2023 оны наймдугаар сард АЦС-ын усыг далайд асгахыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн хориг тавьсан ба энэ оны зургаадугаар сард хоёр улс Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг аажмаар сэргээхээр тохиролцсон юм. Улмаар Японы экспортлогчид өөрсдийн байгууламжуудыг Хятадын эрх баригчдад бүртгүүлж, загас агнуурын бүтээгдэхүүнийхээ цацраг идэвхт бодисын хяналт шалгалтын гэрчилгээг тээвэрлэхээс өмнө ирүүлэх шаардлагатай болжээ. Одоогоор зөвхөн гурван байгууламжаас экспорт хийхийг зөвшөөрсөн бөгөөд олон зуун байгууламжийг бүртгэх ажил хүлээгдэж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ, 2011 оны гуравдугаар сард болсон газар
хөдлөлт, цунамийн улмаас цөмийн осол гарсны дараа Фүкүшима, Мияги, Токио зэрэг Японы 47 мужийн
10-аас далайн болон бусад бүтээгдэхүүн импортлоход тавьсан тусдаа хориг хэрэгжсэн
хэвээр байна.
Хятадын тал Японы далайн гаралтай бүтээгдэхүүний импортыг сэргээж байгаа нь хөрш хоёр улс газар нутаг, дайны үеийн асуудлаас үүдэн хурцадмал байсаар ирсэн хоёр талын харилцааг тогтворжуулахыг зорьж байгаатай холбоотой. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үед Хятад-АНУ-ын өрсөлдөөн ширүүсч буй энэ үед импортыг сэргээж байна.
Улаанбаатар