УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-01 01:08:28

Монгол Улсын их хурлын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболд нийт ард иргэддээ зориулж шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн байцгаана уу Монголчуудаа,

        Монголчууд Та бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авч, малчин түмний минь хичээл зүтгэлийн үр дүнд мал сүргийн тоо 56 саяд хүрч, Ардчилсан хувьсгалынхаа  25 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлсэн 2015 оноо үдэж, 2016 онтойгоо золгож байна.

          Ардчилсан намын тэргүүлсэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үдэж буй 2015 онд улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, нийгмийн харилцааны хүрээнд шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж шинэ оноо угтаж байна. Шилэн дансны тухай хууль хэрэгжсэнээр төсөв хөрөнгийн зарцуулалт ил тод боллоо. Замын хөдөлгөөний тухай, Эрүүгийн болон зөрчлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар  байгууллага, иргэдийн нийгмийн өмнө хүлээх хариулага, сахилга өндөржиж байна. Монгол төр Өршөөлийн тухай хуулийг баталж 4300 гаруй хүнд итгэл хүлээлгэж, төрийн хайр халамжийг хүртээлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж  хэрэгжүүлснээр эрүүл мэндийн даатгал төлөгчид  эмнэлгийн чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах, малчдын ажилласан нэг жилийг 1.2 жилээр тооцох, цэцэрлэгт хамрагдаагүй олон мянган хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах нөхцөл бүрдлээ. Үйлдвэржилтийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, НӨАТ-ын тухай зэрэг эдийн засгийн эрхзүйн орчныг боловсронгуй болгож, “Чингис” бонд, Орон нутаг хөгжүүлэх сан,  сум хөгжүүлэх болон ЖДҮ-ийг дэмжих санг  эргэлтэд оруулснаар зам, тээвэр, уул уурхай, металлург, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Хот байгуулалт, аймаг, нийслэлийн ард иргэдийг орон сууцжуулах  хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж аймаг, нийслэл, сум, дүүргийн өнгө үзэмж сайжирч, мянга мянган иргэд орон сууцтай болж байна. 2012 оноос хойш найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээр 44336 өрх 2.4 их наяд төгрөгийн ипотекийн зээл шинээр авч, 177,3 мянган иргэн шинээр өөрийн гэсэн орон сууцтай боллоо. Нийт дүнгээр нь авч үзвэл  2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орж, улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байна. Энэ бүтээн байгуулалтыг дагаад 2013-2014 онд барилгын салбарт ажиллагсдын тоо 15 мянгаар өсч 77 мянгад хүрлээ. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн эрэлт хэрэгцээ одоо ч өндөр хэвээрээ байна. Инфляци 14 хувь байхад эдийн засагт нийлүүлсэн 4 их наяд төгрөгийн 3 их наядыг иргэддээ орон сууц авахад нь дэмжлэг болгож, зээл хэлбэрээр гаргаж болсон болохоор инфляци одоо 3 хувь байхад 8 хувийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах боломжтой гэж Ардчилсан нам үзэж байна.  Тийм учраас бид Үндсэн Хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлыг  ойрын хугацаанд хууль гаргаж,  дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх болно.  

        Бидний хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын хөтөлбөр  үр дүнтэй, эрчимтэй хэрэгжиж байгаа нь сонгогч та бүхний сонголтын үр дүн юм. Үүнийг хэн нэгэн зогсоох, гацаах эрхгүй билээ. Ардчилсан нам ард түмнээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэх  болно.

          Бид дэлхийн зах зээлийн үнээс хэт хамааралтай одоогийн эдийн засгийн бүтцийг  уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүнд болон хөнгөн үйлдвэр зэрэг олон салбараас хамааралтай шинэ эдийн засгийн тэнцэл рүү орох эхлэлээ тавьж чадлаа. Үүнд  хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн санаачилга чухал ач холбогдолтой учраас цаашид бүх талаар дэмжин ажиллах болно.

        2016 онд Монгол Улс дэлхийн 50 гаруй орны төр засгийн тэргүүн оролцсон, 4000 гаруй төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авч,  дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Монголын тамирчид Риогийн олимпийн их наадамд хүч чадлаа сорино. Энэ бүхэн Монгол Улсын нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Түүнчлэн дөрвөн жил тутамд тохиодог УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль явагдаж, Монголын ард түмэн төрийн эрх барих эрхээ эдлэх болно.

          Монгол ахан дүүс ээ,         

        Олон чухал үйд явдал тохиох 2016 онд монгол хүн бүр  Ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилсан нийгмийн үнэт зүйлсээ бататган бэхжүүлж, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө эв эеийг эрхэмлэн, сэтгэл оюун, хүч чадлаа дайчлан ажиллана гэдэгт итгэж байна.

        Та бүхэнд шинэ оны мэндийг дэвшүүлж, өрх гэр бүл бүрт аз жаргал, инээд хөөр бялхаж байхын ерөөл дэвшүүлье.

        Төр түвшин, Түмэн олон амгалан байх болтугай!

 

 

Холбоотой мэдээ