БНАСАУ-д нэг америкийг баривчилсан гэх мэдээллийг судалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-12 13:55:07

ВАШИНГТОН. /TASS/. Умард Солонгост иргэнийг нь баривчлан саатуулсан тухай мэдээллийг Америкийн засаг захиргаа шалгаж байна. Энэ тухай Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Жон Кирби даваа гарагт сэтгүүлчдэд зориулж тогтмол хийдэг хэвлэлийн хурлын үеэр мэдээлж,  тус улсын иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчлан саатуулж байгаа тухай  телевизийн “CNN” сувгаар Пхеньяны эрх баригчдын хийсэн мэдэгдэлд тайлбар өгчээ.

“Энэ мэдээллийг нотлох ямар ч зүйл одоогоор надад байхгүй байна” гэж тэрбээр тэмдэглэсэн байна. Солонгос гаралтай Америкийн иргэн Ким Дон Чолийг Умард Солонгосын эрх баригчид цагдан хорьж байгаа тухай тэрбээр өөрөө “CNN” сувагт ярилцлага өгөхдөө ярьжээ. Энэ ярилцлагыг Умард Солонгосын эрх баригчид зориудаар зохион байгуулсан байна. “Намайг өнгөрсөн оны 10 дугаар сард Солонгосын Ардын армийн нэг цэрэг надад флаш, гэрэл зургийн аппарат өгөх үед баривчилсан. Тэр цэргийн /бас баривчлагдсан/ цаашдын хувь заяаны талаар би юу ч мэдэхгүй байна” гэж Ким Дон Чоль хэлжээ. Түүний хэлснээр , өөрийг нь баривчлах шалтгаан нь Умард Солонгост 2013 оны дөрөвдүгээр сараас хойш авсан “цэргийн нууц болон дуулиан шуугиантай холбоотой” гэрэл зургууд болсон байна. Сэжигтний ярьснаар, тэрбээр Яньбянь-Солонгосын өөртөө засах тойрогт /Хятадын зүүн хойд нутгийн Зилинь муж/ хил орчмын худалдаа болон зочид буудлын бизнес эрхэлдэг аж. Пхеньяны эрх баригчид Ким Дон Чолиос гадна Канадын христийн шашны санваартан Ли Хён Суг хорьж байгаа юм. Түүнийг “Умард Солонгосын дээд удирдлагын нэр төрийг доромжилсон, тус улсын нийгмийн байгууллыг түлхэн унагахыг уриалсан” хэрэгт буруушааж байна. Санваартан Умард Солонгосын засан хүмүүжүүлэх газарт бүх насаараа хоригдоно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ