Өмнөговь аймгийн Нохой сонирхогчдын холбоо байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:31:35

 Даланзадгад хотноо Өмнөговь аймгийн Нохой сонирхогчдын холбоо үүсэн байгуулагдаж, анхны хурлаа хийлээ.

Монгол банхар буюу тэр дундаа говийн банхар нохойны тоо толгой ховордон “цэвэр банхар нохой” нүдний гэм болж, цус холилдон эрлийзжих нөхцөл байдал үүсээд цөөнгүй жилийг ардаа үлдээжээ. Улмаар говийн банхар нохойны удам тасарч, устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа юм. Тэгвэл монгол банхар нохойны үүлдрийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилготой аймгийн нохой сонирхогчдын холбоо байгуулагдаж, анхныхаа хурлаар Өмнөговь аймгийн нохойны түүхэн замнал, нохойны нийгмийн оролцоо, нохойны аюулгүй байдал, нохойны үржил эрүүл мэнд, нохой хамгаалах, нохой ба бизнес сувилал, нохойны гадаад харилцаа зэрэг үндсэн 7 асуудлаар ярилцсан байна.

Хуралдаанд 15 сумын нохой сонирхогчид буюу МАА эрхлэгч, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд, хувь хүн оролцсон юм. Энд мал маллаж буй малчин айл бүр хотондоо нохойгүй байна гэсэн үзэгдэл байдаггүй. Аж ахуйн нэгж, компаниуд ч мөн адил өөрсдийн эд хөрөнгө, амь нас, обьектын хамгаалалтын асуудлаар нохойтой хамгийн ойр харилцаатай байдаг. Түүнээс гадна цагдаа хүчний байгууллага, хилийн цэргийн анги нэгтгэл, онцгой байдлын алба зэрэг нь зайлшгүй нохойтой байх ёстой бөгөөд эдгээр байгууллагуудын төлөөлөл нохой сонирхогчдын холбооны үйл ажиллагаанд ач холбогдол өгч оролцож байна хэмээн 1970-аад оноос хойш монгол банхар нохойны талаар судалж ирсэн Ц.Батпүрэв ярилаа.

Нохойны нийгэмд оролцох оролцоо гэдэг нь хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, энэ үедээ нохой амьтныг хайрлах, байгальдаа ойр байх сэтгэхүй төлөвшлийг бий болгож, хүмүүжилд нь эерэг нөлөө үзүүлдгийг тогтоосон байна.

Эрт үеэс нохой хүний үнэнч анд нөхөр байсаар ирсэн төдийгүй ямар ч цаг үед эзнийхээ амь насыг аварч байсан олон гайхамшигтай түүх бий. Өмнөговьт нохой сонирхогчдын холбоо байгуулагдсанаар сайн үүлдрийн зоригт нохойноос удамшуулж, хүний үнэнч анд нөхөр, хотны сайн банхар нохойны хөгжлийг орон нутагтаа хөгжүүлэх, зөв удамтай, зөв үүлдрийн эрүүл нохойгоор хороо хот, эд хөрөнгө, амь насаа хамгаалуулахнь чухал гэдгийг хуралдаанд оролцогчид ярьж шийдвэрлэлээ.

Өмнөговь аймаг С.Сумьяа

Холбоотой мэдээ