Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүн зэрэгт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:33:59

Дархан-Уул аймгийн Эрүүл Мэндийн газрын дарга Б.Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрбээр, эдний албар оны эхний хагас жилийн ажлаа “Эрүүл мэндийн довтолгоо”, Нийгмийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа зэрэг эрүүл мэндийн чиглэлд зориулж явуулсан. Одоогийн байдлаар салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад бүх анхаарлаа хандуулснаар одоогийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа ажээ.

Тэдгээрээс Нэгдсэн Эмнэлгийн хүзүүвчний өргөтгөлийн засварын ажил Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт 150 сая орчим төгрөгөөр хийгдэж дуусаад хүлээлгэж өгсөн. Мөн манай Эрүүл мэндийн газрын дээврийн засван ажил үндсэндээ дуусаад одоогийн байдлаар зоорийн давхрын засвар 50 хувьтай үргэлжилж байна. Бид бас энэ удаагийн засвараараа өрөө тасалгаануудаа янзалж эмнэлгийн  идэвхтэнүүд, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн зэрэг эрүүлжүүлэх чиглэлээр ажилладаг сайн дурынхнаа дэмжихийн тулд байр гаргаж өгөхөөр бэлтгэж байгаа. Энэ бүх ажил дараа сарын 15 гэхэд дуусна.

-Хичээл сургууль эхлэхээс өмнө хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гэсэн. Чухам ямар чиглэлээр эрүүл мэндийг нь үзсэн юм бэ?

-Манайх хүүхдийн хичээл сургалт эхэлсэнтэй холбогдуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж нийт төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагыг хамруулж дууссан. Ингээд илэрсэн өвчлөлүүдийг арилгаж эрүүлжүүлэх ажлаа эхлээд явж байна. Ялангуяа хүүхдийн шүдний өвчлөл, хоолойны өвчлөл, цагаан хорхой болон бусад халдварын өвчлөл цөөнгүй байгаа ч эмчилгээ хийж байгаа учраас тодорхой хугацааны дараа эрүүлжинэ.

-Танайх хяналүтын байгууллагуудтай хамтарч ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрт оролцон үйлчилж байгаа хүнсний үйлдвэрүүдийн эрүүл ахуйн байдлыг шалгаж байгаа гэсэн. Хэрхэн яаж шалгаж байгаа вэ?

-Бид сургууль цэцэрлэгийн “Үдийн цай”  хөтөлбөрт онцгой анхаарч байгаа. Манай яамнаас энэ хүрээнд ч бас анхаарч ажиллах чиглэл өгсөн. Хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжихэд манай байгууллага үүрэг чиглэлийнхээ дагуу уг хөтөлбөрт хяналт үнэлгээ хийж эхлэсэн. Үүний тулд энэ хөтөлбөрт хамрагдсан газруудын тогооч, хоол үйлдвэрлэлийн ариун цэвэр, халдвар хамгаалалд нь ч бас үнэлгээ хийж байна.

-Бүх өрхийн эмнэлгүүд болон сумдын эрүүл мэндийн төвүүдэд ахмад настныг эрүүл мэндийг үзлэгт хамруулж эхлэсэн гэж сонссон. Энэ үзлэг хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Ахмадын өдөр болох гэж байгаа учраас ахмадуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Мөн оюутан сурагчдын дунд бэлгийн замын халдвар болон бусад халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг ч нэлээд идэвхжүүлэн явуулж байгаа.

-Аймгийн Эрүүл Мэндийн газрыг Солонгос улсад эмч нараа мэргэжил дээшлүүлэх болсон гэж сонссон. Мэргэжлийг нь яаж дээшлүүлдэг вэ?

-Бид салбарынхаа эмч мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхийн тулд ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Солонгос улсын Рафеел гэдэг байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслийн ажлаа бид энэ оны нэгдүгээр сараас эхлэж эхлээд удирдах ажилтнууд дараа нь эмч мэргэжилтнүүд хамрагдсан. Энэ есдүгээр сараас хоёрдугаар шатанд үлдсэн эмч мэтгэжилтнүүд хамрагдаад явж байгаа. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт бөөрний эмч нарын сургалт явагдлаа. Одоо энэ сарын 19-21-ний хооронд Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагын чиглэлээр сургалт явуулахаар бэлтгэж байна. Эдгээр бүх сургалтуудыг Солонгос улсаас ирсэн мэргэжилтнүүд явуулж байгаа л даа. Дараа нь хүүхдийн болон эх барих чиглэлийн эмч нарын сургалт явагдаад энэ жилийн сургалтын ажил өндөрлөж ирэх жилээс өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эмнэлэгт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд ээлж дараагаар хамрагдах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Сумдын Эрүүл Мэндийн төвүүдийн өвлийн бэлтгэл хэр зэрэг хангагдаж байгаа вэ? Түргэн тусламжийн унаа тэрэг нь хангалттай юу?

-Хөдөө сумдын Эрүүл Мэндийн төвүүдийн өвлийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Ганцхан Орхон сумын “Эрүүл Мэндийн төв”-ийн яаралтай тусламжийн машины асуудал бий. Бид ЭМСЯ-нд Засгийн газартай хийсэн гэрээний үндсэн дээр нийлүүлэлт хийгдэх ёстой гээд хүлээгээд байж байна. Бусад дотоод засвар зэрэг өөрсдийн хийх ёстой бүх ажил дууссан. Бүх сумын “Эрүүл мэндийн төв”-үүд хөдөө малчдын өвөлжих байршлын болон эрүүл мэндийн судлагаануудаа гаргаж бэлэн болсон. Мөн явуулын амбулторийн болон эмийн сангийн үйлчилгээнийхээ ажлыг ч гэсэн төлөвлөсан байгаа. Харин Шарын гол сумын “Эрүүл Мэндийн төв”-ийн сантехникийн засварын ажил хоёр жилийн өмнө ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар хийгдсэн ч панерен халаагуур гэдгээ буруу зөрүү тавигдсан гэдэг асуудал гарч хийсэн компанийх нь гүйцэтгэлийн засвар үйлчилгээний хугацаа нь дуусаагүй байгаа болохоор бид хүсэлт тавьсан бол аймгаас албан тоот очсоноор гүйцэтгэгч тал ирэх долоо хоногт багтааж засч дууснаа гэсэн хариу ирүүлсэн. Ингэхээр манай аймгийн эрүүл мэндийн салбарын бүх байгууллагуудын өвлийн бэлтгэл ажил хугацаандаа дуусч иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй явуулах боломжтой гэж үзэж байна.

                                                              Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд