30 орны буддын шашинтнууд Сар Шинийн баяраар Элстэйд зочилно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-01-20 17:11:08

XVII жарны улаан бичин жилийн Цагаан сарын Шинийн 1-ний билигт сайн өдөр Халимаг улсын Элстэй хотод дэлхийн 30 орны буддын  шашны төлөөлөгчид зочилно.

Энэ тухай Халимагийн Аялал жуулчлал хөгжүүлэх сангийн Аялал жуулчлалын газраас уламжлав. Энэ сарын 16-нд Орос улсад дэлхийн буддын шашны мөргөлчдийн их аян эхэллээ. Энэ удаагийн арга хэмжээ 25 дахь удаагаа болж буй юм. Гурван долоон хоногийн турш үргэлжлэх их аяны хүрээнд буддын шашны мөргөлчид Москва, Волгоград , Элстэй, Екатеринбург, Красноярск, Иркутск, Владивосток, Улаан-Үүд зэрэг нийт 8 том  хотоор аялна. Аялагчид Сибирийн төмөр замаар нийт 10 мянга гаруй км аялах юм. Мөргөлчид Цагаан Сарын  Шинийн  нэгний өдөр буюу  2 дугаар сарын 9-нд Халимагийн нийслэл Элстэй хотод хүрэлцэн ирнэ. Тэд Элстэй хотноо Евразийн хамгийн томд орох  “Шагжмуни бурхны алтан сүм” буюу Төв хурул (Гандан) болон Гэгээрлийн суваргад  мөргөж буддын шашны бусад түүх дурсгалуудтай танилцана.

Сонирхуулахад, ОХУ-д янз бүрийн сувгийн мэдээгээр нийт 1-1,5  сая буддын шашинтан байдаг. Тус улсын буриад, тува, халимаг үндэстнүүд Сар Шинийн баярыг өргөн тэмдэглэх болжээ. Ингэхдээ буриадууд  “Сагаалган” баярыг тэмдэглэдэг байхад, халимагууд 12-р сарын 5-нд “Зул”-ын баярыг тэмдэглэдэг билээ. Харин Цагаан Сарыг халимагууд “ Хаврын баяр”хэмээн тэмдэглэдэг аж.  Аялалд Австрали, Австри, Англи, ОХУ, Беларус, Болгар, Венесуэл, Герман, Голланд, Дани, Израиль, Испани,Итали,Казахстан, Латви, Литва,Мексик,Шинэ Зеланд, Перу, Польш, Сальвадор, Словак, Украйн, Финлянд, Чехи, Швейцарь улсын буддын шашны төлөөлөгчид оролцож буй юм. Хөтөлбөрт Байгаль  нуурын уламжлалт аялал, буддын шашны гүн ухааны болон соёлын тухай цуврал лекц , бусад хотуудын буддын шашны соёлын өвтэй танилцах зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд оржээ. Түүнээс гадна аялагчид Оросын Магадан хотод аялана. Мөргөлчдийн аялал 2-р сарын 4 –ний өдөр өндөрлөх юм.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ