Зам тээврийн осол 34 хувь буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 10:23:44

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар Сэлэнгэ аймагт зам тээврийн осол гэмтлийн гаралт буурчээ.

Зам тээврийн осол гэмтэл 34.2 хувиар буурсан үзүүлэлтээр 2015 онд Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасаг дээд удирдлагаасаа сайшаал хүртжээ. Энэхүү амжилтын гол үндэс нь сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг, осол аваарын ялангуяа хүний амь нас эрсдэх, хүнд гэмтэх зөрчил буурсаных гэнэ. Тус тасаг нь “Тахилт”-ын даваанаас Алтанбулаг сумын хилийн боомт хүртэл, Хөтөлөөс цаашаа Дарханы “Хустайн” даваа хүртэлх 384 км батлагдсан хатуу хучилттай авто зам, түүнчлэн батлагдаагүй шороон болон орон нутгийн нийт 1000 гаруй км замыг хариуцан хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэдэг байна.

Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнд Олон улсын авто зам гэдэг утгаар Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган чиглэлийн дайран өнгөрч байгаа авто машинууд ордог ажээ. Аймгийн хэмжээнд нийт 15000 орчим тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд энд улсын бүртгэлээс хасагдаагүй тээврийн хэрэгсэл ч тоологддог байна. Иргэд хуучин тээврийн хэрэгслэлээ улсын бүртгэлээс хасуулдаггүй олон шалтгаан байдаг байна. Тухайлбал хуримтлуулсан олон жилийн татвар төлөх мөнгөгүйгээс шууд тээврийн хэрэгслэлээ тэр чигт нь гэрчилгээтэй, номертой нь хадгалдаг гэлээ. Энэ нь механикаар тээврийн хэрэгслэлийн тоон ачааллыг үүсгэдэг хэмээн аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Ганболд ярилаа. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ