Жүдоч А.Цолмон Гаванаас хүрэл медаль хүртэж, 120 оноо халааслав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-23 13:34:20

Кубын Гавана хотноо болж буй ОУЖБХ-ны “Гран при-Гавана-2016” олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн тэмцээний эмэгтэй жүдочдын 52 кг-д ОУХМ А.Цолмон хүрэл медаль хүртэж, эрхийн оноогоо 120-иор нэмэв.

Тэрбээр Аргентин, Изриаль, Португалийн бөхийг ялж, Италийн бөхөд ялагдсан байна. “Гран при-Гавана-2016” тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин 300 оноо, мөнгөн медальтанд 180 оноо, хүрэл медальтанд 120 оноо авах юм.

Маргааш өндөрлөх уг тэмцээнд 400 гаруй жүдоч хүч үзэж байгаагаас манай улсаас Ц.Цогтбаатар ялагдсан (60 кг), Г.Одбаяр (73 кг), Н.Дагвасүрэн (81 кг), О.Ууганбаяр (81 кг), Б.Тэмүүлэн (-100 кг), эмэгтэйчүүдээс А.Цолмон (52 кг), П.Лхамдэгд (-78 кг), О.Жавзмаа (+78 кг) нар барилдаж байна.

Бразил улсын нийслэлд болох зуны “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ авсан дэлхийн улс орны жүдочдыг ирэх зургадугаар сард албан ёсоор зарлана. Монголын жүдочдын хувьд эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцох зорилт дэвшүүлээд байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ