Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, цахим шилжилтийн асуудлыг хэлэлцлээ
ТОЙМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагаас зохион байгуулдаг Төв Азийн хэвлэл мэдээллийн 25 дугаар бага хурал 2025 оны арваннэгдүгээр сарын 13, 14-нд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо боллоо.
Энэхүү хурал нь бүс нутгийн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, цахим шилжилтийн асуудлыг тал талаас нь хэлэлцсэн чухал арга хэмжээ байв. Дэлхийн мэдээллийн орчинд томоохон өөрчлөлт гарч мэдээлэл хэрхэн бүтээгдэж, түгээгдэхийг цөөн тооны цахим платформууд, хиймэл оюун ухааны компаниуд зохицуулан эдийн засгийн эрх мэдэл, мөнгөний урсгалыг удирдах болсон. Тэд асар их ашиг олдог ч аливаа зохицуулалтын эсрэг хүчтэй лобби явуулж байгаа нь зөвхөн технологийн асуудал биш болж, хэвлэл мэдээлэл түүний эрх чөлөөг сулруулж байгаа юм. Тиймээс өнөөгийн цахим мэдээллийн орчинд (сошиал медиа, хайлтын систем, хиймэл оюун ухааны компаниуд) улс орнууд хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл, хараат бус байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд урт хугацааны бүтцийн шинэчлэл, тогтвортой хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарч байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч (RFoM), Элчин сайд Ян Браату, Төв Азийн хэвлэл мэдээллийн 25 дугаар бага хуралд оролцогч орнуудын олон талт хамтын ажиллагаа улам бүр өргөжихийн хэрээр найрамдалт харилцаа бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн өндөр технологи нь засаглал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний огтлолцлыг чиглүүлэх “луужин” болно гэж онцолсон юм.
Бага хурлын эхний
өдөр хэвлэл мэдээллийн тогтвортой байдал, нийгмийн эв нэгдэлд хэрхэн нөлөөлж
байгаа талаар улс орнууд өөрийн сайн туршлагаа хуваалцаж, ардчилал итгэлцэлд
хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн нөлөөлж байгаа болон мэдээлэлтэй тогтвортой
нийгмийг дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг хангах явдал чухал
талаар хэлэлцэв. Орчин үе бол өндөр
технологийн эрин үе. Энэ үед AI
өндөр технологи нь сэтгүүл зүйд ямар сорилтуудыг авч ирж байгаа болон
сорилтуудыг хэрхэн даван туулж байгаа туршлага, үр дүнгээ хуваалцаж, Төв Азид
тогтвортой хэвлэл мэдээллийг идэвхжүүлэх, бодлого, хуулийн тогтолцоо ямар байх
талаар мөн талууд байр суурь, санал солилцлоо.
Монголын үндэсний
мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Г.Энх-Од: Мэдээний өрөөнд хиймэл оюун ухаан
өргөн ашиглагдаж буй энэ үед сэтгүүлчид ёс зүй, редакцын стандартыг
алдагдуулахгүйгээр хэрхэн шинэчлэл хийх боломжтой вэ?
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч (RFoM) Ян Браату: Энэ бол маш чухал асуулт. Өнөөдөр ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд дотоод зохицуулалт болон ёс зүйн журамгүйгээр хиймэл оюун ухаан ашиглаж байна. Энэ нь эрсдэлтэй. Ийм байдал Төв Азийн орнуудад ч, Монголд ч адилхан, Баруун Европт ч ажиглагддаг. Хиймэл оюун ухаантай харьцах “тоглоомын дүрэм” маш олон редакцад тодорхой биш байна. Бидэнд ёс зүйн норм шаардлагатай, үүнийг илүү өргөн хэлэлцэх хэрэгтэй. Манай байгууллага энэ асуудалд цаашид илүү анхаарч ажиллана.
Энэ удаагийн бага хурлын гол сэдэв “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн аюулгүй
байдал, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх” байв. Үндсэн хэлэлцэх
сэдвүүд нь хэвлэл мэдээллийн хараат бус байдал, цахим шилжилт, хуурамч мэдээлэлтэй тэмцэх
зэрэг асуудлыг тойрч нэгдсэн
хуралдаан, интерактив семинар, сэтгүүлчдэд зориулсан шинэ туршлагыг солилцлоо. Эдгээр сэдвийн
хүрээнд Европын Холбоо, Их Британи, Австрали, Канад зэрэг улс орнуудын сайн
туршлагад суурилан онлайн мэдээллийн орчныг хөгжүүлэх зөвлөмжийг багтаасан
гарын авлага боловсруулсан байна.
Үүнд:
- Хэвлэл
мэдээллийн харагдах байдал, тогтвортой байдал, аюулгүй байдалд анхаарал
хандуулахыг уриалж,
- Сэтгүүлчдийн
аюулгүй байдлыг хангахын тулд улс орнууд “Онлайн хүчирхийлэлд өртсөн сэтгүүлчдийг хамгаалах-эдийн
засгийн болон сэтгэл зүйн
хохирлыг нөхөн төлөх,
- Сэтгүүлчдийг
дэмждэг байгууллагууд болон хамтран ажиллагсдыг санхүүгийн болон бусад хэлбэрээр
дэмжиж, сэтгүүлчдийн хараат бус байдал, ёс зүйг хамгаалах,
- Сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой гомдлыг шийдвэрлэх давж заалдах тусгай хөшүүргийг бий болгох асуудлыг тусгажээ. Энэ нь үндсэндээ онлайн хүчирхийлэлд өртсөн сэтгүүлчдийг хамгаалах, платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн бодлогыг илүү үр нөлөөтэй болгох цогц арга хэмжээний багц юм. Улс орнууд үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд олон талын оролцоотой форумын хүрээнд онлайн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд илүү их хүчин чармайлт, нөөц хуваарилах ёстой. Хүний эрхэд суурилсан хамтын ажиллагааг олон улсын байгууллагуудтай өргөжүүлж, хамтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн, “Big Tech” платформуудыг сэтгүүлчдийн аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөллийнх нь төлөө хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэсэн юм.

Энэхүү Бодлогын гарын авлага нь харагдах байдал, тогтвортой байдал, аюулгүй байдал (visibility, viability, vigilance)-тай холбоотой сорилтуудыг шийдвэрлэх арга хэмжээг санал болгож байгаа ч эдгээр нь урт хугацаанд тогтвортой байхын тулд илүү цогц хариу арга хэмжээ, тасралтгүй хүчин чармайлт шаардлагатайг сануулав. Тиймээс улс орнууд өөрсдийн технологийн хамаарлыг бууруулж, зохицуулагчид, эрдэмтэд, иргэний нийгэм болон олон талт нийгмийн оролцогчдоос бүрдэх хүчирхэг хариуцлагын сүлжээнд хөрөнгө оруулснаар засаглах чадавхаа нэмэгдүүлэх ёстой.
Хиймэл оюун ухаан болон цахим технологитой ирээдүйн хэвлэл мэдээллийн хүсэмжит дүр төрхийг тодорхойлохгүйгээр ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг таних ч, эрүүл, тогтвортой мэдээллийн системийг бүрдүүлэх ч боломжгүй.
“Big Tech”-ийн эрх мэдлийг хязгаарлах зорилготой арга хэмжээнүүд эцэстээ мэдээллийн орон зайд төрийн хяналтыг улам бэхжүүлэхэд хүрч болзошгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах бодлого нь маш нягт нямбай боловсруулагдаж, улс төрийн ашиг сонирхолд “баригдахаас” сэргийлэх хүчтэй хяналт, тэнцвэрийн механизмтай байх ёстой.
Монголын үндэсний
мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Г.Энх-Од: Төв Азийн орнуудад бие даасан хэвлэл
мэдээлэл,
редакцын хараат бус байдлаа алдагдуулахгүйгээр санхүүгийн тогтвортой байдлаа
хадгалах ямар бодит шинэчлэл, шийдлүүд байж болох вэ?
Дубровникийн их сургуулийн Хэвлэл мэдээлэл ба олон нийттэй харилцахын тэнхимийн дэд профессор Ива Ненадич: Энэ бол “нэг сая долларын асуулт”, богино хугацаанд хариулахад тун хэцүү. Хиймэл оюун ухааны, ялангуяа технологийн хурдтай хөгжил нь боломж ч, бас эрсдэл ч дагуулж байна. Нэг талаас, хиймэл оюун ухаан бие даасан сэтгүүл зүйд өөрийн эрх чөлөөний орон зайг тэлэх, шинэ эринд тохирсон хэлбэрээр өөрийгөө хөгжүүлэх боломж олгож чадна. Ялангуяа залуу үзэгчдийн мэдээлэл авах хэлбэр эрс өөрчлөгдөж буй энэ үед. Нөгөө талаас, эдгээр технологид олон эрсдэл бий. Жишээ нь сэтгүүлчдийн өргөнөөр ашигладаг хиймэл оюун ухааны хэрэглээний хэрэгслүүдэд болгоомжтой хандах болж байна. Сэтгүүл зүйн ёс зүй, мэргэжлийн нэр хүндийн үүднээс сэтгүүлчид эдгээр хэрэгслийн сул талыг ойлгож, сайтар нягталж, хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаагаа олон нийтэд ил тод байх ёстой.

Сэтгүүлчдийн аюулгүй байдал сэтгүүл зүйн бие даасан байдалд чухал үүрэгтэй бол Медиа бичиг үсэг нь одоо болон ирээдүйн хамгийн чухал сэдвүүдийн нэг. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад бид олон төрлийн медиа бичиг үсгийн хөтөлбөрийг боловсруулан медиа бичиг үсгийг нэвтрүүлэхийг уриалсаар байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө медиа бичиг үсгийг дэмжих боломжтойгоос гадна тусгай нэвтрүүлэг, нийтлэлээр дамжуулан үзэгч, уншигчид болон сэтгүүлчидтэй хамтран мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Мэдээллийн бичиг үсгийн боловсрол бол орчин үеийн мэдээллийн “дархлаа” юм. Худал мэдээлэлтэй тэмцэхэд энэ чадвар нь зөвхөн хувь хүний хамгаалалт биш, нийгмийн хариуцлагын нэг чухал хэсэг болно. Мэдээллийн бичиг үсгийн боловсрол гэдэг нь зөвхөн унших, бичих чадвар бус мэдээллийг үнэлэх, шүүмжлэх, задлан шинжлэх чадварыг багтаасан ойлголт юм.
Энэ нь:
· Мэдээллийн эх сурвалжийг шалгах (үнэ цэнтэй эсэх, найдвартай эсэх),
· Зохиогчийн зорилт сонирхлыг тодорхойлох,
· Сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл хийхгүйгээр мэдээллийг задлан тунгаах,
· Хувь хүний мэдээллийг хуваалцах үед хариуцлагатай хандахад нөлөөлдөг.
Тиймээс Төв Азийн улс орнууд хуурамч
мэдээлэлтэй тэмцэхэд бичиг үсгийн чадвар чухал гэж үзэж байгаа аж. Энэ талаар Киргизийн баримт шалгах төв буюу Checkit media-ийн
захирал Асель Сооронбаева
“Хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд иргэдийн бичиг үсгийн боловсрол чухал байна.
Нийгмийн сүлжээнд санаатай болон санамсаргүй байдлаар хуурамч мэдээлэл тардаг.
Үүнд хүмүүс ихээр итгэдэг.
Бичиг үсгийн өндөр
боловсролтой хүн хуурамч мэдээлэлд автдаггүй. Тиймээс энэ төрлийн боловсролыг
олгох нь чухал байна” гэв.
Ийнхүү хоёр танхимд зэрэгцэн болсон Панел хэлэлцүүлгүүд өндөрлөлөө. Энэ
удаагийн хуралд Төв Азийн 150 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон
бөгөөд Монгол Улсаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэсний Олон
Нийтийн Радио, Телевиз, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Үндэсний өдөр тутмын “Зууны
мэдээ” сонин болон Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцсон бөгөөд
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа тус хуралд илтгэл
тавьсан.

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа: Хэвлэл мэдээллийн зөвлөл өнгөрсөн жил цахим орчин дахь сэтгүүлчийн аюулгүй байдлын судалгааг хийсэн. Үүн дээрээ тулгуурлаад бас бусад байгууллагуудын хийсэн судалгааны үр дүнг нэгтгэн танилцуулсан. Нэгдүгээрт, мэдээллийн аюулгүй байдал буюу сэтгүүлчдэд мэдээлэл саадгүйгээр хүргэх хүртэлх мэдээллийг нягтлан шалгах боломжийг бүрэн дүүрэн олж авдаг байх, мэдээллийн ил тод байдлын тухай асуудлыг хөндсөн. Хоёрдугаарт, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хувьд эх сурвалжийн нууцлалыг, ялангуяа нууц эх сурвалжийг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байгаа тухай. Энийг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тусгасан байгаа. Иймд хуулийг ойрын үед баталж хэрэгжүүлэх нь үр нөлөөтэй юм гэж чухалчиллаа. Гуравдугаарт, цахим орчин дагасан сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал нь сошиал медиа болоод технологийн хурдыг дагаж улам даамжрах аюул байна. Энд гэр бүл, хүний сэтгэл зүйн байдал, бие махбод гэх мэтчилэн олон төрлийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа энэ үед сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчин, нөгөө талд нь редакцууд өөрийн зохицуулалтын хүрээнд редакцын бодлого, хөдөлмөрийн гэрээ зэрэг дүрэм журмын баримт бичгээрээ дамжуулаад сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахад нэн тэргүүнд анхаарах шаардлагатай тухай хэлэлцлээ.
Хэвлэл Мэдээллийн
Зөвлөл /ХМЗ/ нь 2015 оны нэгдүгээр сарын 28-нд сэтгүүлчдийн сайн дурын үндсэн
дээр салбарын оролцогчдын хамтын зөвшилцлөөр байгуулагдсан бөгөөд “Сэтгүүлчдийн
эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох” олон улсын өдрийг
“Хиймэл оюунаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг эмэгтэй
сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя” уриан дор тэмдэглэж Монголын
сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын судалгааг хийсэн байна. Судалгаанд оролцсон Монголын
300 сэтгүүлчийн 40 хувь нь цахим дайралтад өртөж байсан, 53 хувь нь үзэн ядсан,
заналхийлсэн үг хэллэг, 47 хувь нь гүтгэлэг, доромжлол зэрэг цахим хүчирхийлэлд
өртөж байсан, 68 хувь нь сэтгэл зүйн дарамт, айдас, гутралд орж, мэргэжлээсээ
түр холдож байсан гэжээ. Цахим дайралт эмэгтэй сэтгүүлчид рүү илүү чиглэж,
бэлгийн дарамт, заналхийлэл, гүтгэлэг, нэр хүндэд халдах зэргээр илэрчээ.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотын Интерконтинентал зочид буудалд болсон Төв Азийн таван орны төлөөлөгчид оролцсон бага хурал ийнхүү хоёр өдөр үргэлжилж тулгамдсан чухал асуудлуудаа эрэмбэлж дүгнэлээ.

Тодруулга:
Финландын Хельсинки хотод 1975 онд болсон
Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Чуулга уулзалтаар суурь нь тавигдсан
Organization for Security and Co-operation in Europe OSCE буюу ЕАБХАБ нь бүс
нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг хамгийн том олон улсын
байгууллагуудын нэг бөгөөд эрхэм зорилгоо тогтвортой байдал, аюулгүй байдал,
ардчиллыг дэмжих, энэ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, хөгжүүлэх
хэмээн тодорхойлжээ.
Улаанбаатар