2015 онд гэмт хэргийн улмаас 500 гаруй хүний амь хохирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-25 14:39:51

Өнгөрөгч 2015 онд төрийн албаны халаа сэлгээ, цомхотголтой холбоотойгоор шүүхэд ирэх энэ талын маргаан нэмэгдэж өмнөх жилээс 34.7 хувиар буюу хоёр дахин өссөн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд нийт 2775 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсны 641 нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж, үлдсэн 1439 хэргийг шийдвэрлэсэн хэмээн ШЕЗ-ийн хурлын танхимд "Монгол Улсын Шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны тайлан" сэдэвт хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлд нийт ирсэн маргааны 26.8 хувийг төрийн албаны асуудал эзэлж, эдгээр маргааны дийлэнх хувийг нь тухайн маргаан үүсгэж буй иргэний талд шийдэгддэг гэдгийг тэд онцлов.

Анхаарал татдаг маргааныг газар болон татварын маргаан, үл хөдлөх хөрөнгө, тендер, нийгмийн даатгалтай холбоотой асуудлууд тэргүүлсээр байна. Мансууруулах бодистой холбоотой хэрэг өссөнийг ч дурдав. 2015 онд Монгол Улсын шүүх 11 603 хүнд холбогдох 7998 эрүүгийн хэргийг хүлээн авсан байна. “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэгжүүлсэнтэй холбогдуулан зарим эрүүгийн хэргийн үзүүлэлт өсөлттэй гарсан гэдгийг Т.Мэндсайхан онцолсон.  Мөн  мансууруулах бодистой холбоотой эрүүгийн хэрэг хамгийн өндөр буюу 27 хувиар өссөн таагүй үзүүлэлт гарсныг сэтгүүлчдийн анхааралд хүргэв.Тухайлбал, мансууруулах бодистой холбоотой хэрэг 2014 онд 33 байсан бол 2015 онд 42 хэрэг бүртгэгджээ. Харин ял шийтгүүлэгчдийн тоо 2014 онд 54, харин 2015 онд 76-д хүрэв. Ийнхүү мансууруулах бодистой холбоотой хэрэг өссөн нь төрийн бодлогыг чиглүүлэх шаардлага тулгарсныг харуулж байна. 2015 оны байдлаар гэмт хэргийн улмаас улсад 60 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирчээ. Харин гэмт хэргийн улмаас 500 гаруй хүний амь хохирч, 3000 гаруй хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан нь ч анхаарууштай.

Харин эдгээрээс арай гэгээтэй, сайн мэдээ гэвэл өнгөрсөн оны хувьд 14-15 насныхан ял шийтгэл эдлэх нь буурсан үзүүлэлт юм.  2014 онд 14-15 насны 134 иргэн ял шийтгүүлсэн бол 2015 онд 110 болж  буурчээ. Ял шийтгүүлэгчдийн дийлэнх нь 18-29 насныхан байна. Эдийн засгийн хямралтай холбоотой зээлийн болон банкны гэрээний маргаан өсчээ. 2015 онд иргэний хэргийн шугамаар 56 мянга гаруй нэхэмжлэл гомдол шүүхэд ирсний 40 мянга гаруйг нь шийдвэрлэсэн. Нийт маргааны дийлэнх хувийг зээлийн гэрээ, банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл эзлэх болсон байна. Тухайлбал, зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өссөнийг графикчлан үзүүлсэн юм.

 Шүүхээр таслагдсан гэмт хэргийн ерөнхий дүнгийн талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан, Иргэний хэрэг болон Эвлэрүүлэн зуучлах шүүхийн талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, Захиргааны хэргийн шүүхийн талаарх мэдээллийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Ц.Мандах нар дэлгэрэнгүй мэдээлэл хийв. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ