УИХ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах шаардлагагүй гэж шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-29 01:22:53

УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүн энэ сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр цаг сунган хэлэлцэж, Монгол Улсын 13 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэгийг огцруулах шаардлагагүй гэж шийдвэрлэлээ. 

Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан уг саналд “Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчлах үеэрээ Оюу толгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Монгол Улсын Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, техник, эдийн засгийн үзүүлэлтээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын 57-р тогтоолыг зөрчиж Ерөнхий сайд гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг тодорхой бус байдал үүсгэсэн.

Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна” гэж Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг тодорхойлсон юм.

Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр цаг сунган хэлэлцэж, гишүүдийн 52.6 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн.  Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, энэ асуудлаар УИХ-ын 50 гишүүн асуулт асууж, үг хэллээ.  

Хуралдааны хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгийн гишүүд болон огцруулах төсөл санаачилсан Г.Уянга нарын гишүүд “Дубайн гэрээ”-нээс шалтгаалж Оюутолгойн гэрээний ашиг буурсан, татварын орлого бууруулсан, хэтрүүлсэн зардлыг хөрөнгө оруулалтад оруулж тооцсон нь буруу,  улс орны эдийн засгийг унагаж, үр дүнгүй ажилласан зэргээр Шийдлийн Засгийн газар болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүмжилж байв. Харин АН-ын бүлгийн гишүүд сөрөг хүчнийг улс төржиж байна, МАН-ын Засгийн газрын үед улс үүнээс илүү хямарч байсан, Оюутолгойн гэрээг УИХ дээр ярих шаардлагагүй, холбогдох хүмүүс нь асуудлаа хариуцаж, менежментээ хийх ёстой, АН-ын Засгийн газар олон бүтээн байгуулалт хийсэн зэргээр маргаан өрнөв.

 Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ерөнхий сайдыг огцруулах асуудал байгаа оноогүй байна. Энэ гэрээг зурах үед МАН-ынхан Засгийн газарт ажиллаж байсан. Тэгсэн хэрнээ өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайдыг огцруулахаар болж байгаа нь сонгууль ойртсоных".

Л.Эрдэнэчимэг  “Шийдлийн Засгийн газар маань нэг жилийн хугацаанд хийсэн ажил багагүй. Тэртээ тэргүй ардчилсан сонгуулиар энэ засагт дүн тавина. Гэхдээ би Ерөнхий сайдаас амлалт авмаар байна. Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй байна”,

Ц.Даваасүрэн “Огцруулах үндэслэлд Оюутолгойн гэрээний зүйл заалтыг зөрчсөн учраас гээд тодорхой заасан байгаа. Сонгууль ойртлоо, Засгийн газраар оролдох хэрэггүй гэж болохгүй. Цалин тэтгэврийн өрөнд баригдсан иргэдэд  нэг ч өдөр хүнд байна. Оюутолгой, Тавантолгойг зөв менежменттэй явуулж байж цалин тэтгэвэр өснө. Тийм учраас заавал ярих ёстой”

Г.Уянга “Хөрөнгө оруулалтын гэрээ бодитой баримт бичиг. Энэ бол улс төр биш. 1800 тонн алтны нөөцтэй, 100 жилийн улсын төсөвтэй тэнцэх үр ашиг хүртэх боломжтой ордын тухай ярьж байна. Анх байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд эхний ээлжинд 4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж баталсан. Гэтэл одоо тэр тоо 8.4 тэрбум ам.доллар болоод өсчихсөн байгааг Сангийн яам хүлээн зөвшөөрөөд авчихсан байна. Үүнийг “Дубайн гэрээгээр” дахин 6.8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлээд ирлээ. Олон тэрбум ам.доллараа хүнд зүгээр өгчихөөд Ерөнхий сайд та цалин тавья гээд 600 сая ам.доллар гуйгаад явж байгаа нь эрүүл эдийн засаг биш. Оюутолгой татвар төлөх нь хуулиар хүлээсэн үүрэг. Бид ирээдүйд бий болгох хуримтлалын тухай ярьж байна. Та яагаад Оюутолгойд төрийн өмнөөс хатуу байр суурь барихгүй байгаа юм бэ. Монголын ашиг гэдгийг хэдхэн компанийн захирлуудын ашгаар хэмжиж болохгүй. Ерөнхий сайд гадаадын компанийн гар хөл шиг ажиллаж байна” гэв.

С.Ганбаатар “Бид хэзээ ч Оюутолгойн эсрэг байгаагүй. Гол нь ашиг муу байгааг шүүмжилж байгаа. Оюутолгой одоо ашгийн өмнөх татварын 300 тэрбумын төгрөгийн алдагдалтай байна. Энэ тэгээд Монголд ашиггүй байна. Энэ гэрээг та гарч ирээд гацаанаас гаргасан гээд байх юм. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж байхад Монгол өргүй байсан. 2011 оны 17 хувийн өсөлт чинь Оюутолгойгоос биш  нүүрсний орлогоос олсон. Туркиз хиллийн сайтад 4.4 тэрбумыг 2016 оны нэгдүгээр улиралд “Рио Тинто” буцаан татна гэсэн байсан. Тэгэхээр энэ мөнгө Монголд орж ирэхгүй гэсэн үг”,

З.Баянсэлэнгэ “Бидний хэлэлцэж байгаа Оюутолгойтой холбоотой асуудлыг олон улс анхаарч харж байна. Тийм учраас энэ асуудлыг улс төржүүлж маргаан болгохгүйгээр бүх тоо баримтыг дэлгээд хаалттайгаар илэн далангүй хэлэлцмээр байна” гэсэн санал хэлж байв.

М.Энхболд, “Дубайн гэрээ бол УИХ-аас гаргасан шийдвэрийг зөрчсөн асуудал болсон. 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах байтал бүр муутгаад оруулж ирж байна. Хоёрдугаарт гүний уурхайн ажил хэвийн явагдаж байсан. “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал захидал өгөөд Оюутолгой зогссон” гэх мэт асуулт, шүүмжлэл хэлж байв. 

Гишүүдийн асуултад Ерөнхий сайд болон ажлын хэсгийн зүгээс өгсөн тайлбараас дурдвал,

Ч.Сайханбилэг “Оюутолгойн ордын 20 хувь болох ил уурхайг ажиллуулж эхэлснээр эдийн засаг 17 хувь өсч байсан. Одоо 80 хувийг бүрдүүлэх далд уурхай руугаа орох ёстой. Энэ төслөөс Монголын эдийн засаг ашгаа хүртэнэ. Энэ ашгийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж ирснээрээ би гадны компанийн гар хөл гэж хэлүүлж байгаа бол харамсалтай байна”,

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Д.Ганболд “Өмнөх хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлсэн гэрээ дээр хоёр тал нэгдмэл ойлголт байхгүй ноцтой маргаантай асуудал гарч, хэн хэн нь зөв буруугаа нотолж чадахгүй байдалд орсон байсан. Тэр асуудлуудыг Дубайн гэрээ гэж нэрлэгдээд байгаа санхүүжилтын төлөвлөгөөгөөр шийдсэн”,

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Өнгөрсөн сард зурагдсан гэрээний дагуу Монголын талд өгөх өгөөжийг 47 тэрбум доллар гэж тооцсон. Зэсийн үнийг их багаар тооцсон дүн. Оюутолгойн баяжмал зэс, алт мөнгө багтсан байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад 3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ. Жил болгон Монголын эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг гаднаас оруулж ирэх боломжтой болж байгаа юм.

4.4 тэрбум бол гүний уурхайн санхүүжилт, гүний уурхайн бүтээн байгуулалтад бүрэн зарцуулна. Үүнийг санхүүжилтын өртгийг бууруулах гэж авч байгаа. Оюутолгой тасралтгүй 5 жил гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх боломжтой болсон. Энэ бүтээн байгуулалтыг нээснээр өнөөдрийн үнэ цэнээр Монгол Улс 8 тэрбум ам.долларын үнэлэмж авч байгаа” гэсэн юм.

Ингээд 50 гишүүний асуулт, хариулт дууссаны дараа Хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар үг хэлсэн юм.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Оюутолгойн асуудлаар бид 6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий тэн хагас, 2 жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг ярьж байна. Үүнийг улс төржүүлж байгаад харамсаж байна. Улс төрийн ууган нам Г.Уянга гишүүний ард нуугдсан байна. “Дубайн гэрээ”-гээр 3 тэрбум ам.долларын алдагдсан хөрөнгөө нөхсөн, 4 тэрбум орлогоо нэмсэн, 6 тэрбум хөрөнгө оруулалт орж ирсэн. Бид энэ том зүйл рүү ус цацаж болохгүй. Хамгийн том шийдвэр хамгийн хүнд байдаг. Оюутолгойг ард түмнээс асууж байж эргэлтэд оруулсан. 365 мянган хүнээс асуухад 60 хувь нь энэ төслийг хөдөлгө гэсэн санал өгсөн.

Төсөв алдагдалтай баталсан учир бонд гаргах гэж байна. Миний оронд ямар ч хүн байсан, ямар ч Засгийн газар байсан гадаад зах зээлээс долларын бонд босгоно. Хэрэв манай Засгийн газар үлдвэл гадны зах зээлээс бонд босгоно.

Энэ дашрамд хэлэхэд Монгол орны хөгжил, эдийн засагт том дэвшил авчрах энэ ажлыг дэмжиж АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын гишүүд улс төрийн шийдвэр гаргаж байгаад талархснаа илэрхийлье.

МАН манай Засгийн газрын 14 сарын 8 сард нь хамт байсан. Сөрөг хүчнийг би нураагч, сөнөөгч биш бүтээгч байгаасай гэж хүсдэг. Хямралаар улс төр хийж хагаралдаж байж гарч байсан түүх байхгүй.

МАН сонгууль болохоос 5 сарын өмнө Засаг огцруулах санал оруулж ирж рекорд тогтоолоо.  Энэ жишиг үүгээр дуусаасай гэж 13 дахь Ерөнхий сайдын хувьд хүсч байна” гэсэн юм.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа  санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 73 гишүүний 57.5 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэж санал өглөө. Үүгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахгүй болж, Шийдлийн Засгийн газрын танхимыг хэвээр авч үлдлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 00:50 минутад өндөрлөв.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Холбоотой мэдээ