Иран, Франц хамтын ажиллагааны 20 гэрээ байгууллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-01-29 08:48:35

ТЕГЕРАН. /IRNA/. Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах 20 гэрээ, хэлэлцээр, санамж бичигт Иран, Франц гарын үсэг зурж, хоёр улсын харилцаанд чухал алхам хийлээ.

Гэрээнд гарын үсэг зурах ёслол өчигдөр Парис хотын Элисейн ордонд болсон бөгөөд үүнд Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд оролцжээ.

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф, Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус нар эхний баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын харилцааг бэхжүүлэх чиглэл тавигдсан байна.

Харилцаа холбооны салбарт хамтран ажиллах санамж бичигт хоёр улсын Харилцаа холбооны сайд нар гарын үсэг зурсан бол байгаль орчин, уур амьсгалын салбарт хамтран ажиллах санамж бичигт хоёр улсын Байгаль орчны газрын дарга нар гарын үсэг зуржээ.

Мөн аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэнд, эмийн салбарт хамтран ажиллах гэрээг талууд байгуулсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ