Монголын уран зохиолыг хятад хэлээр орчуулах ажлыг эрчимжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-29 16:25:07

“Монгол, Хятад хэлний орчуулагчдын холбоо”-ноос өнөөдөр Блью скай зочид буудлын хурлын танхимд дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Мэнгү Шяоши бао” сонин, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Сэтгүүлчдийн эвлэл болон МУБИС, ШУТИС, Торгоны зам төслийн төлөөлөл гэх нийт 20 гаруй төлөөлөл оролцож, санал бодлоо солилцов.

“Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”-ны тэргүүн Л.Баатар хэлэхдээ, “Хоёр улсын дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд хөгжиж байна. Энэхүү харилцаанд орчуулагчид гүүр болж үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд Өвөр монголын талаас хятад зохиолуудыг монгол хэлээр орчуулан уншигчдад хүргэж ирлээ. Өвөрмонголчууд кирилл үсгээр бичихдээ Монгол Улсад хэрэглэж буй үг хэллэгтэй зарим талаар зөрүүтэй байдаг. Манай холбоо байгуулагдсанаас хойш тодорхой хэмжээний орчуулгын ажлыг шат дараатай хийж байна” гэв.

Энэ удаагийн уулзалтаар монголын уран зохиол, ном сэтгүүлийг хятад хэлээр орчуулан хятадын уншигчдад хүргэх, орчуулах номын жагсаалт гаргах, туршлага солилцох уулзалт хэлэлцүүлгийг ирэх 6 дугаар сард ӨМӨЗО-нд зохион байгуулах, харилцаа холбооны орчин үеийн шинэ технологийг ашиглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтлоо.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ