ЭМСЯ-наас зөвлөмж гаргав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-02-03 08:39:10

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан ЭМСЯ-наас зөвлөмж хүргүүллээ.

Уг зөвлөмжид хүүхэд, өндөр настанг аль болох тэвэрч үнсэхгүй, гар зөрүүлэн золгох, хийжүүлсэн ундааны оронд халуун чацаргана, аньс, нэрс, аарцыг ихээр хэрэглэх, айраг, цагаан идээг түлхүү хэрэглэх, архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гаргахгүй байх, хүүхдийн хамар, хоолой, залгиурыг  сод, давс, сармис, царвангийн уусмалаар зайлах, гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагчаар арчих, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг 2 цаг тутамд хийх, ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар таглах, эсвэл тохой, суга руугаа ханиалгах, амны хаалтыг хэрэглэж 2 цаг тутамд солих, хэрвээ 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах, биеэр тууралт гарах зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эмнэлэгт хандах зэргийг тусгажээ.

Мөн хөрш зэргэлдээ ОХУ-д томуугийн дэгдэлт гарч, манай орны хувьд улаанбурхан, салхинцэцэг, томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед уламжлалт сар шинийн баяр тохиож байна. Иймээс иргэн бүр эрүүл мэнддээ анхаарч, энэхүү зөвлөмжийг хэвшүүлэхийг зөвлөлөө.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ