Ан амьтан хамгаалах аян өрнүүлжээ

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:44:02

Баянхонгор аймгийн Бууцагаан сумд “Ан амьтан хамгаалах” 1 сарын аяныг зарлаж, Амьтны тухай хууль, Газар, Газрын хэвлий, Ашигт малтмал, Галт зэвсгийн тухай хуулиудыг сурталчилсан байна.

Мөн аяны хүрээнд аймгийн Цагдаагийн байгууллагатай хамтран ангийн бууны нэгдсэн судалгаатай болж, буутай иргэнд хувийн хэрэг мэдээллийн сан үүсгэжээ. Сумын хэмжээнд буутай 42 иргэн бүртгэгдсэн бөгөөд ан агнуурын зөрчил гаргасан иргэдийн судалгааг ч гаргаад амжсан байна.

Сумын тахилгат аймаг, орон нутгийн тусгай хамгаалалттай Нөмөрт, Богд уул түүний эргэн тойрон дахь газрын бэлчээр үлийн цагаан оготнод идэгдэж бэлчээрийн доройтолд орон, цас их орж хүйтэрснээс тус газарт нутагшсан янгир ямаа өвс тэжээлийн хомсдолд орж өлдөж үхэх хүртэл эрсдэлд хүрчээ. Тиймээс дээрх газруудын янгир ямааны байршлуудад  “Хамтын хүч”, “Амин нутаг” малчны бүлгийн малчид, төрийн албан хаагчдын оролцоотой хужир, өвс тэжээл тавьж өгөх ажлыг зохион явуулжээ.

Мөн Байдрагийн голын ашигт малтмал, ховор ан амьтан бүхий газруудад 4 удаа эргүүл шалгалт хийж, Цагаан дэнжид биологийн нөхөн сэргээлт хийсэн 5.27 га талбайн мод ургамлын ургалт, хайс хамгаалалтын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, солбицлыг тогтоож зурагжуулж талбайн хэмжээ зураглалыг гаргасан байна. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ