Хувьцаа арилжаалах иргэдийн хүсэлт 1000 хүрвэл ӨБХ-нд хандана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-02-16 14:27:24

“Эрдэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эргэлтэд оруулахыг шаардаж Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн тэргүүн Э.Алтаншагай өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум хувьцаанаасаа 3 тэрбум хувьцааг Монгол Улсын нийт 2,8 сая иргэнд тэнцүү хувааж өгсөнөөр нэг иргэнд 1072 хувьцаа оногдож, нэгж хувьцааны нэрлэсэн үнэ нь 933 төгрөг буюу нэг хүн нийт 1 сая төгрөгийн хувьцаа эзэмших болсон. Ингэхдээ 2011 оны 4 дүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, шинэчилсэн бүртгэлд хамарсан бүх иргэнд дээрх хувьцааг олгож, бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ 2011 онд хийж гүйцэтгэсэн юм.

Гэхдээ 1072 хувьцааны 536 ширхэг хувьцааг эзэмшүүлэхдээ Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцсон. Жишээ нь, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хүртсэн оюутан 1072-527=545 ширхэг хувьцааг олгоно. Мөн 8040 төгрөгийг ЭМД-ын шимтгэлээр хүртсэн иргэдийн хувьцаа нь 1072 /1.0 сая төг/ – 8 /8040 төг/ = 1064 ширхэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай байх юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг энэ мэтчилэн эзэмшүүлж эхэлснээр нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа ч хувьцааг хэрхэн худалдах, яаж эргэлтэд оруулах зэрэг асуудлын хариулт эцэслэгдээгүй байгаа. Энэ талаар Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Э.Алтаншагай “Өнөөдрийн байдлаар 800 мянган иргэн данс нээлгэж, хувьцаагаа баталгаажуулсан байна. Үүний 300 мянга нь эх орны хишиг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөг, сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийн хөнгөлөлт хэлбэрээр хувьцааны оронд хүртсэн. Ингээд үүний цаана дансаа нээж, хувьцаагаа өөрийн болгох шаардлагатай сая 700 мянган  иргэн байна. Эдгээр иргэд үнэт цаасны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй компаниас сонгон дансаа нээлгэх шаардлагатай” гэлээ.

Мөн иргэд хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ  ҮЦТТТХТ-ийн www.schcd.mn цахим хуудсаар орж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хэсэгт иргэн өөрийн регистрийн дугаарыг монгол үсгийн фондоор, томоор бичиж оруулснаар шалгах боломжтой гэв.

Дашрамд дурдахад, Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв иргэдийн Хувьцаагаа худалдаж эргэлтэд оруулмаар байна гэсэн хүсэлтийг үндэслээд Засгийн газарт хувьцаагаа арилжаалах талаар хандаж байгаагаа өнөөдөр дуулгалаа. Мөн ийм хүсэлтэй иргэд ч Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвд хандахыг уриаллаа. Хувьцааг арилжаалах хүсэлтэй иргэдийн тоо 1000-д хүрвэл Өргөдлийн байнгын хороонд хандана гэдгээ хэлсэн юм.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ