Монголын Засгийн газар "Гацуурт"-ын ордыг ашиглах эрхийг олголоо

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-17 11:22:39

СИНГАПУР. /Economywatch/. Монголын Засгийн газар “Гацуурт”-ын алтны ордыг ашиглах эрхийг “Сентерра Гоулд” компанид өглөө гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тус ордын 66 хувийг “Сентерра Гоулд”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших ажээ. 2015 онд 3 орчим хувь байсан эдийн засгийн ядмагхан өсөлтөө Монгол энэ жил нэмэгдүүлэх зорилготой байна.

Монголын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.5 хувьтай байсан боловч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саармагжиж, дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаснаар Зүүн Азийн тус орны эдийн засаг хүндхэн цохилтод орсон билээ. Монгол Улс сүүлийн хэдэн жил ядуурлаа бууруулж, хөгжлөө урагшлуулж байсан боловч энэ хандлага 2015 онд уруудсан. Хэрвээ тус улсын бодлого тодорхойлогчид өөрчлөлт хийхгүй бол энэ хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

Сүүлийн хэдэн жил Монголын эрх баригчид уул уурхайн хөгжилд ихээхэн амтшаад байсан боловч дэлхийн зах зээлд түүхий эдийн эрэлт буурснаар томоохон хүндрэлүүд гарсан юм. Монголын эдийн засаг БНХАУ болон түүхий эдээс хэт хамааралтай бөгөөд бусад салбараасаа багахан хэмжээний орлого олдог учир, тус улсын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд байна.

Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд уул уурхайн салбараа хөдөлгөх санаачилгатай албаны хүмүүс эвлэрээд байгаа боловч энэ нь улс төрийн маргаан болж байна. Томоохон ордуудыг ашиглах тухай гэрээ, хэлэлцээр байгуулсантай нь холбогдуулан байгаль орчин хамгаалагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг буруушаажээ. Цаашлаад, үүнийг улс төрийн сөрөг хүчнийхэн, уул уурхайн компаниудад томоохон хөнгөлөлт үзүүлж, монголчуудад бага ашиг санал болгохын зэрэгцээ уул уурхайн томоохон компаниудад шударга бус давуу эрхийг олгож байна гэж үзжээ.

“Оюутолгой” ордоос зэс олборлох эрхийг олгосон маргаантай гэрээг “Рио Тинто” компанитай байгуулсантай нь холбогдуулан Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах санал хураалт өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр болсон билээ. “Оюутолгой” ордын 6 тэрбум хүртэлх долларыг “Рио Тинто” эзэмшдэг боловч Монголын Засгийн газартай үүссэн янз бүрийн маргааны улмаас хэдэн жил тус ордын бүтээн байгуулалтыг хийж чадаагүй юм.

Энэ удаад Монголын УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын улс төрийн замналыг хамгаалж үлдсэн боловч ирэх зун болох сонгуулиас өмнө эдийн засгийн байдлыг эргүүлэх тавхан сарын хугацаа Ч.Сайханбилэгт үлджээ. Энэ хугацаанд тэрбээр эдийн засгийн байдлыг өөрчилж чадах эсэхийг харах үлдээд байна. Монголын Засгийн газар гадаадын компаниудад их хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна гэсэн шүүмжлэл газар авч байгаа боловч Монгол урагш алхахын тулд уул уурхайн салбараа хөгжүүлэхээс өөр сонголт байхгүй юм.

Алт болон бусад ашигт малтмал Монголын шаардлагатай орлогыг бүрдүүлэх боловч тус улсын ирээдүй цаашдаа тогтворгүй болж магадгүй. Урт хугацааны эдийн засгийн өсөлт бий болгохын тулд Монгол Улс “Голланд өвчин”-өөс зайлсхийх хэрэгтэйг Дэлхийн банк онцолжээ. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой нэг салбараас /түүхий эд/ хэт хараат байдал тэлж, бусад салбарт, тухайлбал хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт ихээхэн хохирол учрахыг “Голланд өвчин” гэж нэрлэдэг байна. Монгол нь түүхий эдийн нөөц ихтэй, асар их боломжтой, харин тус улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, гол салбарууд, тухайлбал, үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ