Алдархаан сум хоёр улсын сайн малчинтай боллоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 17:55:32

Завхан аймгийн Алдаpхаан сумаас 24 жилийн дараа Улсын Сайн Малчин дахин ихэрлэж төрлөө.

Завхан аймаг хонин жилд таван хошуу мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж гурван сая /3133.0/ давсан малтай болжээ. Харин Алдархаан сум хонин жилд мал сүргээ үр төлөөр нь өсгөн үржүүлж 221,9 мянган /221924/ мал данслуулан аймагтаа мал сүргийн тоогоор тэргүүлсэн байна. Мөн Алдархаан сумаас 11 аймгийн сайн малчин, 10 аймгийн алдарт уяач тодорчээ. Тэртээ 24 жилийн өмнө тус сумаас Улсын сайн малчин ихэрлэн төрж байжээ.

Тодруулбал 1987-1991 онд жил бүр дунджаар 561-638 эм хонь хариуцан төлийг 105,3-108,1 хувиар бойжуулж, үйлдвэрлэл, ашиг шимийн төлөвлөгөөг биелүүлсэн амжилтаар ХААЯ-ны 100 давсан хувьтан дипломын эзэн, аймгийн хошой аварга, сумын зургаан удаагийн аварга, “Алтан гадас” одонт Өгөөмөр багийн малчин Гаанжууржавын Бямбаа, мөн онд 409-713 төлөг, борлонг 95-98,8 хувиар онд оруулан ашиг шим, үйлдвэрлэлийн даалгавраа давуулсан амжилт /Улсын энх сүрэгтэн/-ээр VII, VIII таван жилийн гавшгайч, “Алтан гадас” одонт Богдын гол багийн малчин Долгорын Дамжин хэмээх эрхмүүд “БНМАУ-ын Аварга Малчин”-ы алдарыг хүртсэн түүхтэй.

Харин өдгөө гал бичин жилийн босгон дээр буюу 24 жилийн дараа Алдархаан сумаас Улсын Сайн Малчин дахин ихэрлэж төржээ түүх давтагдлаа хэмээн нутгийнхан бэлгэшээж буй юм. Мал маллах арга ухаан, ажилсаг хөдөлмөрч-төрөлх чанар, хувь хүний зан ааль, нөхөрсөг, хүнлэг чанараараа олонд хүндлэгдсэн, дунд үеийн малчдын төлөөлөл Алдархаан сумын Алдар багийн малчин Галяхүүгийн Батжаргал, эцэг өвгөдийн малч удмыг өвлөж, мал маллах арга ухаанаараа бусдаас ялгарч, мал сүргээ төрөл тутамд өсгөн үржүүлсэн мөн дунд үеийн малчдын төлөөлөл Дамбын Цэрэннадмид нар  Монгол Улсын Сайн Малчны алдрыг хүртсэн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ