ЗАВХАН: Төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-27 08:47:50

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 МОНЦАМЭ/. Завхан аймагт төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо.


Төрийн захиргааны албан тушаалд шинээр томилогдсон төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслолд 32 албан хаагч оролцов.


Энэ удаад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг 8 байгууллагын 14 албан хаагч, 11 сумын 18 албан хаагч тангаргаа өргөлөө.


Ёслолын ажиллагааг аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга Т.Рэнчинванжил нээж, алба хаагчдад Монгол Улсын хууль тогтоомж, ёс зүйн дүрмийг чанд сахин, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг үүрэг болголоо.


Завхан аймагт 5560 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.


Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол, төрийн албаны тусгай шалгалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Энэ жил гэхэд төрийн албаны тусгай шалгалтад 250 гаруй иргэн орсон байна. Жил бүр төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн иргэдийг төрийн албаны тохирох албан тушаалд томилон ажиллуулж байна.


Мөн бодлогоор төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг сайжруулах, ур чадварыг нэмэх, ажиллах нөхцөл боломжоор нь хангахад онцгой ач холбогдол өгдөг. Төрийн албан хаагчийн тангараг өргөж, энэ албанд зүтгэх тохиол хүн бүрд тохиодоггүй, нэр хүндтэй алба юм.


Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд захирагдан ард түмэндээ эрх тэгш үйлчилж, үндсэн хууль болон бусад хуулиа чандлан баримталж, төрдөө чин үнэнчээр, идэвх идэвх санаачилгатай, хариуцлагатай зүтгэж, ард түмнийхээ тусын тулд албан үүргээ шударгаар биелүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлагыг төрийн албан хаагчид хүлээдэг гэж Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэв. 

Мөн үеэр Төрийн алба хаагчдыг чадавхжуулах, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтыг амжилттай төгссөн 14 алба хаагчдад гэрчилгээ олгосон байна. 



Холбоотой мэдээ