Б.Лхагвасүрэн: “Цэцгэн дээр гишгэдэггүй хүнийг хүн болж гэдэг”...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 15:35:43

Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ном хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдүүдийг номонд дур сонирхолтой болгох зорилгоор Монгол Улсын шилдэг зохиолч, яруу найрагчдыг өөрийн аймагтаа урин ирүүлж, сургуулиудад яриа таниулга хийлгүүлэх арга хэмжээг 2013 оноос хойш үе шаттай зохион байгуулж байна.

Энэ удаад Монгол улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Болор цом-33 наадмын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Цэвээн-Очирийн Эрдэнэбаатар, МУСТА, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, МҮОНРТ-ийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Жигмэддоржийн Сарантуяа нарыг урьж ирүүллээ.

Энэ оны 02 дугаар сарын 17-нд зохиолчид Ховд аймагт ажиллах хөтөлбөр ёсоор Дуут сумын ЕБС-ийн сурагчидтай уулзалт, ярилцлага хийж, дараагаар нь аймгийн ЗДТГ-ын Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд Жаргалант сумын ЕБ-ын 7 сургуулийн сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.  Уулзалтын эхэнд Ховд  аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нээж үг хэлсэн бол зохиолчид мялаалгын шүлгээ уншиж, сурагчдын асуусан асуултад хариулт өгсөн юм.

Хүүхдүүд нэрт зохиолчид ,яруу найрагчидтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн үгийг чих тавин, амьсгаа даран сонссон юм.

Тэрээр ” Та нар бол  монголын өглөө. Дөнгөж мандсан сар. Дөнгөж сая  мандсан нар монголын ирээдүйг шийдэх гэгээн өглөөний эхлэл гэж  би  та нарыг ойлгож байна.  Та нараас их юм хүлээж их юм сурдаг. Монгол орныг та нарын гарт байна гэж би ойлгодог.

Хүүхдүүд та бүхэн эх дэлхийгээ хайрлахын тулд заяасан ард түмэн. Эцэг эхээрээ хайрлуулахын заяатай төрсөн. Хүн сайн хүн, сайн эцэг, эх, сайн багш нараа дууриах. Сайн юмыг дууриаж байж хүн болдог. Хүн болохын шалтаг сайн юмыг дууриах.

Та нар бидний өсөж өндийсөн үеийг бодвол  цахим ертөнцөд амьдарч байгаа  мэдээллээр хахаж  байгаа учир  илүү зах цухын юм ярих уйтгартай.  

Бүх юмыг мэдэрддэг тунгалаг оюун өглөөний тархи. Монголын  бүх  он цагийг  үүрэх цаг ирнэ. Монголгүйгээр өнөөдөр  дэлхийг төсөөлөх, дэлхий монголыг харж байна.Тийм болохоор маш өндөр хариуцлага  та нарт тулгарч байна.

Юм бүхнийг хайрын нүдээр харж сайхнаар төсөөлж бай.Юм бүхнийг ухаж түнхэж болгоомжтой ханд. Монголд өртэй юм шиг зүтгэж бай. Авьяас агуу их хүн болгонд өгөгдсөн байдаг. Хөгжүүлэх юм бол бид бүгд  авьяастай.

Монголчууд хуурын эшгээр тэмээ уйлуулдаг хуур хөгжимтэй ард түмэн Монголыг дэлхийг мэдэж, дэлхий монголыг харж байдаг. Монгол хүн  эрдэм номын өчнөөн авьяасаар дэлхийд хөл тавьж байна. Ийм болохоор та нарынхаа төлөө бид итгэл найдвар тавьж  зүтгэж явдаг.

Миний хүү  “хүн  болоорой гэж”  аав, ээж минь  захидаг байсан. Би  багадаа гайхдаг байсан. Хонь мал эргүүлж, хоргол баас түүж, сургуульдаа  явж, ном сурч,  хүн шиг байна гэж бодож явж. Гэтэл  хүн шиг хүн болно гэдэг агуу том утга аж. Хүн болохын шалтаг  сурсан мэдсэнээс гадуур аж. Хүндэтгэх ухаан, нинжин сэтгэлтэй, уян зөөлөн бусдыг хүндэлж чаддаг чанар. Цэцгэн дээр гишгэдэггүй хүнийг хүн болж гэдэг. Бид  дэлхийд давтагдашгүй уламжлалтай ард түмэн. Өчигдөргүй өнөөдрийн тухай бүү сэтгэ гэж хэлсэн юм.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн энэ үгийг  түүнээс өөр хэн, хаана, хэнд, хэзээ ингэж хүүхдүүдэд хэлж ухааруулж  байсан билээ гэж бодогдлоо.

А.Бямбасүрэн 

Холбоотой мэдээ