МҮЭХ-ны татварыг зогсоосон шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-23 17:18:16

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ гишүүдээс хураадаг татварыг зогсоосон шийдвэрийг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцэн, хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч өнгөрөгч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/337 тоот “ҮЭ-ийн татварыг зогсоох тухай” шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд орон нутаг, нийслэлийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ҮЭ-ийн гишүүдээс авдаг татварыг зогсоосон бөгөөд МҮЭХ үүнийг эсэргүүцэн гомдол гаргаж өнөөг хүртэл гурван шатны шүүхээр хэлэлцүүүлсэн юм.

Харин өчигдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим уг маргааныг эцэслэж дээрх шийдвэрийг хүчингүй болгосон байна. Шүүхийн шийдвэрт “ҮЭ-ний гишүүдээс татвар авах нь эвлэлдэн нэгдэх эрхийн нэг үндсэн нөхцөл” гэж тогтоосон аж.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Энэ хууль бус шийдвэрээс үүдэн олон мянган гишүүд хохирлоо. 2015 оны хоёр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд эрх ашиг нь зөрчигдсөн олон эмч, эмнэлгийн ажилтнууд, багш болоод ус сувгийн удирдах газар гэх зэрэг олон байгууллагын нийт 31519 ажилтны ҮЭ-ийн анхан шатны 398 хороо, зөвлөл, салбарын холбоодоос гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх ашгийг хангах зорилгоор явуулдаг олон үйл ажиллагаа тасарч ҮЭ-ийн үйл ажиллагаанд ихээхэн хохирол учруулсан.

Энэ хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан эмч, багш зэрэг хүмүүст өмгөөллийн туслалцаа үзүүлэх, тэтгэмж, хууль эрх зүйн сургалт, хамтын тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг олон үйл ажиллагаа тасарсан” гэв.  

Мөн МҮЭХ-ны гишүүн байгууллагуудаас дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо нэгтгэн нэхэмжилнэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ