Ц.Болдсайхан: Хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-25 13:23:10

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Сонгуулийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш сурталчилгаатай холбоотой асуудлууд гарсан уу?

-Монгол Улсын Сонгуулийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой бүтэн бүлэг байгаа. Есдүгээр бүлгийн 14 зүйл, 200 гаруй хэсэгт сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг маш тодорхой заасан байгаа. 

Хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн байгаа. Үндсэндээ ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Тодруулж хэлэхэд, сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоож өгсөн. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой.     

-Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг хэн тогтоох вэ?

-Хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Мөн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар, цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ. Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор  шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой. 

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юу анхаарах вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль, сонгуулийн сурталчилгаатай холбоотой аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл хэлбэрийг хуульд тодорхой заасан байгаа. Нэмж хэлэхэд, сурталчилгаа хийх радио, телевиз санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ Сонгуулийн холбогдох байгууллагад заавал ирүүлэх ёстой. 

-Ойрын өдрүүдэд зарим сонин, сайтаар намууд, улс төрчдийн рейтингийн судалгаа гарч байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

-“Зууны мэдээ” сонин, зарим  цахим хуудсанд “Максима” гэдэг судалгааны байгууллагын гэсэн нэртэй чансаа тогтоосон нийтлэл гарсан байна лээ. Сонгуулийн тухай хуульд иймэрхүү чансаа тогтоосон зүйлийг сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хийхийг хориглосон байгаа. Ийм зөрчилд ногдуулах хариуцлагыг ч зааж өгсөн.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг цагдаа, шүүхийн байгууллага тогтоох бөгөөд зөрчсөн тохиолдолд тухайлбал, хэвлэл, мэдээллийн байгууллага үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө 6 хүртэл сараар түдгэлзүүлэхээр байгаа. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нэг бүрчлэн танилцаж, хууль зөрчсөн алхам хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй.

Н.Туяа

Холбоотой мэдээ