Тариалангийн газар 697 сая төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-26 17:09:38

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон саяхны дуудлага худалдаагаар газар тариалангийн зориулалтаар ашиглах 1500 га газар 697 сая төгрөгт хүрчээ. 2016 оны газар ашиглалтын төлөвлөгөөний дагуу зарласан дээрх дуудлага худалдааны анхны үнэ нь 57 сая төгрөг байсан. Энэ удаагийн дуудлага худалдаанд хоёр иргэн, хоёр аж ахуйн нэгж оролцож иргэн Ц ялагч болсон байна.

Хуулиараа дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ дуудсан нь ялагч болж 14 хоногийн дотор төлбөрөө сумын төсөвт төвлөрүүлснээр дээрх газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх нь үүсэх юм.

Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн жил газрын дуудлага худалдаагаар нийт 1037,9 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.

2015 онд аймгийн ИТХ-аас “Атар газрыг тариалангийн газар болгох санал” батлагдан 7 сумын 10 талбайгаас хөрсний дээж  авах, бичиглэл хийх, холбогдох стандартын дагуу итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд өгөх зэрэг ажлыг хийсэн тухайгаа аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн ярьж байлаа.

Дорнод аймагт тариалангийн газрын үнэ өсөх хандлагатай байгааг дээрх дуудлага худалдаа харуулж байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ