Тохижилт үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 15:36:59

Cүхбаатар-Тохижилт үйлчилгээ компани ажилчдаа жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Цаг зав багатай, хүнд нөхцөлд ажилладаг тохижилт үйлчилгээний хамт олонд нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж үйлчиллээ.

Сүхбаатар-Тохижилт үйлчилгээ ОНӨҮГ нь 34 ажилтантай. Баруун-Урт хотын гудамж талбайн цэвэр цэмцгэр байдал, хог зөөвөр, гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар гэсэн ажлуудыг хариуцдаг. Өвлийн хүйтэн, зуны халуун, хаврын хавсрага гээд дөрвөн цагийн эргэлтэнд ажилладаг. Өглөө хамгийн эрт ажилдаа гарна, хамгийн сүүлд харина. Үндсэндээ эмнэлгээр явж үзүүлэх цаг зав гардаггүй. Тиймээс жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Энэ өвөл цас ихтэй учраас гудамж талбайн цас цэвэрлэх гээд ажлын ачаалал их байгааг ажилчид нь хэлж байна.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ирж бүх хүмүүс үзлэгт хамрагдлаа. Хог новш, тоос шороо бүхий байнгын бохир орчинд хөдөлмөрлөдөг учраас тохижолт үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдах энэхүү арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, өргөн хамрагддаг.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ