Зүүн үзэмчин хошууны Улаанзагалмай нийгэмлэгийн төлөөлөгчид айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-19 12:23:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Улаанзагалмай хороо /УЗХ/-ны урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Улаанзагалмай нийгэмлэгийн байнгын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Цог Сайн холбогдох төлөөлөгчдийн хамтаар тус аймагт ажлын айлчлал хийлээ. Энэ нь Сүхбаатар аймгийн УЗХ-ны 60 жилийн ойн хүрээнд болж буй айлчлал юм.

Аймгийн УЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, зочид төлөөлөгчдийн хамт дугуй ширээний уулзалт хийж, хоёр орны улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн, цаашид хийх ажил болоод хорооны уламжлалт үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санаа бодлоо хуваалцлаа.

“Улаанзагалмайн үйлс бол хүн төрөлхтний орчлон, дэлхийн бүх хязгаарт, үндэс угсаа, шашин шүтлэг эс хамааран түгээмэл хайрын буянсаг ажиллагаа гэж би боддог. Анх 2016 оны эхээр Сүхбаатар аймгаас Улиастай хотод суугаа төлөөлөгч Б.Гансүх ахын таницуулгаар Сүхбаатар аймгийн УЗХ-той танилцаж, хамтын ажиллагаагаа эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагааг эрчимтэй явуулахын тулд 2016 оны 10 дугаар сард хоёр орны Улаанзагалмайн нийгэмлэгийн нөхөрсөг харилцааны санамж бичигт гарын үсэг зурж, хөтөлбөрийг баталгаажуулсан.

Үүнээс хойш Сүхбаатар аймгийн УЗХ-ноос гурван удаагийн айлчлалыг манай хотод хийсэн. Хорооны хандивлагч гишүүд болоод сайн дурын идэвхтнүүдийн туршлага судлах уулзалт, аяллыг зохион байгуулж, манай хот нөхөрсөгөөр угтан авсан. Мөн аймгийн УЗХ-ны 60 жилийн ойг тохиолдуулан манай хотын УЗН-ээс монгол мөнгөөр 32 орчим сая төгрөгийн өртөг бүхий гамшгийн тэтгэмж болон олон улсын халамжийн тусламжийн бараа, эд материалыг Сүхбаатар аймгийн УЗХ-нд хандивласан.

Үүнд аймгийн УЗХ-ны үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болоод гамшгийн үед түгээх бараа, эд материал багтсан болно. Энэ хандивынхаа батламжийг энэ удаагийн айлчлалаараа албан ёсоор гардуулан өгч байгаадаа баяртай байна. Цаашид манай салбарын хамтын ажиллагаа улам дэвшин дээшлэхийн ерөөл өргөе” гэж Зүүн үзэмчин хошууны УЗН-ийн байнгын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга Цог Сайн хэллээ.

Хоёр орны хамтын ажиллагааг амжилттай эхэлснээр аймгийн УЗХ-ны үйл ажиллагаанд олон өөрчлөлт, давуу тал гарч байгааг хорооныхон хэлж байлаа. Мөн цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийх үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөний төслийг  боловсруулж эхэлжээ.

Т.Одончимэг

 

Холбоотой мэдээ