Төсвийн тэнцэл 2,0 тэрбум төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-24 11:00:40

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн нийт тэнцэл энэ оны III улирлын байдлаар 2,0 тэрбум төгрөг байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэс мэдээллээ.

Нийт орлого ба тусламжийн дүн 41,6 тэрбум төгрөг, нийт зарлага 39,5 тэрбум төгрөг буюу 84,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Орон нутгийн төсвийн нийт орлого 41,581.3 сая төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 440,6 сая төгрөгөөр буюу 101,1 хувиар давж биелжээ.

Харин сумдын төсвийн орлого 24,170.5 сая төгрөг буюу 97,2 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь сум, баг хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг 1,638.8 сая төгрөгөөр төлөвлөснөөс 868,0 сая төгрөгийн зээл төлөгдсөн нь нийт орлогын гүйцэтгэлд нөлөөллөө гэж санхүүгийн албаныхан үзэж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, түгээмэл тархацтай ашигт малтмал, ус рашааны нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлого биелж,  хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгө, буу, улсын тэмдэгтийн хураамж, хог хаягдлын үйлчилгээний хураамж, газрын төлбөр, ой ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого тасарчээ.

            Баяннуур, Гурванбулаг, Сэлэнгэ зэрэг долоон сум, тосгонд төсвийн орлогын төлөвлөгөө тасарсны дотор Тэшиг сумын энэ оны эхний гурван улирлын төсвийн орлогын төлөвлөгөө 65,3 хувийн биелэлттэй байгаа аж.        

М.Батжаргал

Холбоотой мэдээ