Палестинчууд Израиль улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-30 12:20:12
РАМАЛЛА. /TASS/. Палестин улс Израиль улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тус улстай аюулгүй байдлын салбарт явуулдаг бүх хамтын ажиллагаагаа цуцаллаа. Ийм шийдвэрийг даваа гарагийн орой Рамалла хотод болсон Палестины Үндэсний чөлөөлөх байгууллагын /ПҮЧБ/ Төв зөвлөлийн хурлын үеэр гаргасан тухай тус улсын “Maan” агентлаг мэдээлжээ.

“1967 онд тогтоосон хилээр Зүүн Иерусалим нийслэл хоттой Палестин улсыг хүлээн зөвшөөрөх хүртэл ПҮЧБ-ын Төв зөвлөл Израиль улсыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болголоо. Үүнээс гадна, аюулгүй байдлын зохицуулалтыг, мөн эдийн засгийн хамтын ажиллагааг зогсоож байна” гэж тус зөвлөлөөс гаргасан эцсийн шийдвэрт дурдсан байна. Үүний зэрэгцээгээр, ПҮЧБ олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу эзлэн түрэмгийллийг бүх аргаар эсэргүүцэх эрхээ зарлан тунхаглажээ.

Түүнчлэн Египет улсын зуучлалтайгаар өмнө нь байгуулсан Палестин хоорондын эвлэрлийн талаарх бүх тохиролцоог нураасны хариуцлагыг ХАМАС хөдөлгөөн хүлээх ёстойг мэдэгдсэн байна.

АНУ Элчин сайдын яамаа Иерусалим хотод шилжүүлэн байрлуулсны дараа Израиль улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа зогсооно гэж Палестины эрх баригчид мэдэгдсэн билээ. Палестины түр нийслэл Рамалла хотод болсон Төв зөвлөлийн хурлаар энэ шийдвэрийг эцэслэн баталжээ.
Холбоотой мэдээ