НӨАТ-ын баримт хэвлэгчийг 80000 төгрөгөөр авах бололцоотой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн байдлаарх албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо.
Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан намрын чуулганы завсарлагааны хугацаанд иргэдийн хүсэлтээр төрийн байгууллагуудад ажиллаж байгаа гэдгээ дуулгаад НӨАТ-ын тухай хуультай зарим санал хүсэлт тус байнгын хороонд иргэдээс ирсэн учир ийн ажиллаж байна гэв.
Жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох кассын машиныг авахад эдийн засгийн боломжгүй байгаа, том дэлгүүрүүдийн адил шаардлага тавьж байгаа нь дарамттай байгаа тул кассын машины талаар журамд өөрчлөлт оруулах асуудлаар тус байнгын хороонд ханджээ. Иймд худалдаа эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага, кассын машины үнэ, тариф, жижиг худалдаа эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт, иргэдийн өргөдлийг шийдвэрлэх боломжийн талаарх тайлбарыг тус байгууллагын удирдлагуудаас хүссэн.
Ингэхэд Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, иргэд болоод жижиг аж ахуйн нэгжүүд заавал нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй кассын машин ажилллуулах шаардлага байхгүй. Энэ шийдлийг олон нийтэд таниулахаар сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар баримт хэвлэгч төхөөрөмжийг 80-120,000 төгрөгөөр худалдан авах боломж бий. Хуулиндаа кассын машин болон түүнтэй адилтгах баримт хэвлэгч тоног төхөөрөмж гэж заасан байгаа. Иймд жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох хэвлэгч төхөөрөмжийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал