Путины эрүүл мэндийн төлөө хундага өргөжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-14 11:26:32
СИНГАПУР. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Сингапурын Ерөнхийлөгч Халима Якоб түүний эрүүл мэндийн төлөө, хоёр орны найрамдалт харилцааны төлөө хундага өргөжээ.

“Ерөнхийлөгч Путины эрүүл мэнд, амжилтын төлөө, Орос орны хөгжил цэцэглэлтийн төлөө мөн Сингапур, Оросын бат найрамдалт харилцааны төлөө хундага өргөе” гэж Халима Якоб хэлсэн байна.

Хэдийгээр Сингапур, ОХУ хоёр газар нутгийн хэмжээ, хүн амын тоо зэргээрээ огт өөр улсууд боловч хоёр орны найрамдалт харилцаа хөгжсөөр байгаа болохыг Якоб цохон тэмдэглэжээ. Тэрбээр Засгийн газар, парламентын, мөн Засгийн газар хоорондын комиссын ажлын шугамаар хоёр орны хооронд янз бүрийн түвшинд байнгын холбоо харилцаатай байдгийг онцлон тэмдэглэсэн байна. Сингапурын Ерөнхийлөгчийн хэлснээр, хоёр орны эдийн засгийн салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд бараа эргэлтийн хэмжээ хэдийнэ 7.4 тэрбум ам.доллар болж өсчээ. Якоб мөн Сингапурын Евразийн холбоотой хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар дурдсан байна.

Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг тэрбээр сануулаад ОХУ болон Сингапурын хамтын ажиллагаа цаашид хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Сингапурын Ерөнхийлөгчийн Истана ордонд болсон хүлээн авалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, шадар сайд Максим Акимов, Юрий Трутнев, Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон бусад сайд нар, мөн төр, засгийн байгууллагууд, томоохон бизнесийн хүрээний төлөөлөгчид оролцсон байна.
Холбоотой мэдээ