Гадаад үг цээжлэх ой тогтоолтын аргыг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-15 15:09:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны ажилтны баярыг угтан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгийн хүрээнд Олон улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор /Sc.D/, профессор Л.Хайсандай “Олон улсын харилцааны хүрээлэн 50 жилд”, доктор /Ph.D/, дэд профессор Д.Шүрхүү “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор ба төмөр замын бүтээн байгуулалт”, доктор /Ph.D/ А.Нямдолжин “Монгол Улс, ОХУ-ын боловсролын харилцаа, хамтын ажиллагаа”, докторант И.Энхболд “Гадаад үг цээжлэх ой тогтоолтын арга” сэдвээр оюутнуудад сонирхолтой лекц уншсан юм.


Докторант И.Энхболд ярихдаа, “Баруун, зүүн тархины ой тогтоолтыг хэрхэн сайжруулах талаар оюутнуудад зориулан Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын "Ой тогтоолтын аргаар гадаад үг цээжлэх нь" ном болон  “Хэрхэн хурдан унших вэ”, суралцахын тулд санах ойгоо хэрхэн сайжруулах талаарх англиар бичсэн номд үндэслэн мэдээлэл хүргэлээ. Энгийн хүн 1000 үг, эрдэмтэн судлаачид 5000-10000 үг цээжилбэл англиар ярих боломжтой гэсэн судалгаа бий. Тиймээс баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлж байж хүний оюуны чадамж дээшилнэ. Сургалт хүмүүжил, боловсрол, эмх цэгц, цэвэрч байдал зэргийг зүүн тархины,  хайр, спорт, урлаг, тоглоом, биеийн хөдөлмөр, мэдрэмж, сэтгэлийн хөдлөл  нь баруун тархины хөгжил гэж үзээд зүүн тархиа илүү хөгжүүлбэл сэтгэлийн хөдөлгөөнгүй дүнсгэр, баруун тархиа илүү хөгжүүлбэл хөнгөн хуумгай хүн болно. Тэгэхээр хоёр тархийг зэрэг хөгжүүлбэл оюуны чадамж өндөртэй хүн болно. Төсөөлөн бодох чадвараар юмыг тогтоож, цээжилж байгаа нь хоёр тархиа хоёуланг нь зэрэг ашиглаж байгаа хэрэг. Тухайлбал, Солонгосоор Аагий гэдэг үгийн утга нь хүүхэд гэсэн үг. Та өөрийн таньдаг Аагий гэдэг хүнийг бодоод, “Аагий хүүхэд харахаар Антарктид явав гэдэг өгүүлбэрийг хараад яагаад Аагий хүүхэд харахаар Антарктид явсан юм бол хэмээн бодсон төсөөлөл таны баруун тархийг ажиллуулна. Тиймээс хэдхэн секундын дотор амархан цээжлэх боломжтой болж байна. Энэ нь нэг талдаа зүүн тархи, нөгөө талдаа төсөөллөөрөө баруун тархиа ажиллуулаад цээжлэхэд хорондох эс нь холбогдож байгаа юм. Ийм төсөөлөх аргыг хэрэглэж Аагий гэдэг үгийг цээжилж, буцаагаад санахад хүүхэд гэдэг үгийг хэзээ ч мартахгүйгээр санаж чаддаг. Энэ бол үг цээжлэх хамгийн энгийн аргачлал” хэмээв.

Өдөрлөгийн үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, ном, сэтгүүлийн үзэсгэлэн дэлгэсэн байлаа. 

Холбоотой мэдээ