С.Цэрэнчимэд 4 насны ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн анхны бөх болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-11-17 09:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий 57 кг-д Дэлхийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цэргийн аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон Монгол Улсын 3 удаагийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин С. Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ. 


Тэрбээр Бухарестаас Монголын багийн хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байгаа төдийгүй дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин болж байна. С.Цэрэнчимэд “Сомбатхей-2011” өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл, “Софи-2013” залуучуудын ДАШТ-ээс алт, “Ташкент-2014” онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс алт, “Лас-Вегас-2015”-аас мөнгөн медаль хүртэж байв.


Тэрбээр энэ удаа Румынд 1/8 шигшээд эзэн орны Дениса Юлиана Фодорыг оноогоор цэвэр, шөвгийн наймд Украины Алина Акобианыг цэвэр ялсан ч хагас шигшээд энэ жилийн Пан-Америкийн АШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн дэд аварга Канадын Алехандра Ребекка Тоунд оноогоор цэвэр (3:15) ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий хошой хүрэл медальт Азербайжаны Алона Колесникийг туршлага заан 11:3-аар ялснаар медалийн тавцанд гарч чадлаа.

Холбоотой мэдээ