Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-04 16:30:00

Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоов.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, цагдаагийн нийт 20 албан хаагч, 13 автомашинтайгаар тээврийн хэрэгслийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхгүй байх үүрэг гүйцэтгэж байгаа аж.  

Зарим аймгуудаас мал олноороо цасанд дарагдсан, хүчтэй цасан шуурганы улмаас айлын гэр нурсан тухай мэдээллүүд онцгой байдлын байгууллагад ирсээр байгаа гэнэ.

Цаг агаарын онц аюултай үзэгдлийн талаар малчид, ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулсаар байтал бага насны хүүхдээ дагуулж, нимгэн хувцастай машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр аян замд гарах явдал цөөнгүй гарчээ.

Цаашид буюу сарын 5-7-ны өдрүүдэд төвийн болон зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын онц аюулт үзэгдэл болох төлөвтэй байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Б.Туул

Холбоотой мэдээ