С.Батсүх: Модыг үрээр нь бойжуулаад ойжуулах нь зөв юм

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2025-12-02 16:16:14

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд түүчээлэн оролцож яваа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Бугант нандин” компанийн захирал С.Батсүхтэй ярилцлаа.

 

-"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд танай компани идэвхтэй оролцохоос гадна ойжуулалт, нөхөн сэргээх ажилд амжилт гаргаж яваа. Энэ туршлагаасаа хуваалцана уу?

-Бид саяхан аймгийн төвдөө цугларч, аймгийн БОГ-аас зохион байгуулсан энэ жил хийсэн ажил ямар үр дүнтэй байв, цаашдаа хийх ажлын явц хэрхэн байх талаар санал бодлоо солилцсон. Энэ бол маш өгөөжтэй уулзалт болсон.


Ер нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Оюу толгой” компани, Ойн газар, ойн газрын байгаль орчны албатайгаа хийсэн хөрөнгө оруулалт маш их үр дүнтэй ажил болсон. Мөн тэрбум мод сан маш том хөрөнгө оруулалт хийж ажиллалаа.


-Эдгээр хөрөнгө оруулалтуудын үр дүн хэрхэн нөлөөлөв та бүхэнд?

-Эдгээрээс үүдэн орон нутгийн маш олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тарьц, суулгац борлуулсан. Үүний үр дүнд Сэлэнгэ аймагт 20-иод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж ярихыг сонслоо. Энэ бол маш үр дүнтэй ажил болж байна. Сэлэнгийнхэн маш идэвхтэй энэ ажлыг үр дүнтэй гүйцэтгэсэн.


-“Бугант нандин” компанийн хувьд хийсэн ажлаа дурдвал?

-Манай компани энэ жил нөхөн сэргээлт, ойжуулалт хийлээ. Ойжуулалт хийхдээ Тэрбум мод сангаас 250000 ширхэг тарьц суулгацыг 100 га-д хийлээ. Хушаат суманд 200 га-г нөхөн сэргээж тариалалт хийн хүлээлгэн өглөө. Мөн Алтанбулаг суманд 200 га-г “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар сэргээсэн.


Мөн Хүдэр сумын Цагаан зүр голд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг маш үр дүнтэй хийж хүлээлгэж өгсөн.


-Эдгээр ажлуудаа хийж байх явцад цаашдаа анхаарах ямар асуудал байна?

-Энэ ажлыг хийж гүйцэтгэж байх явцад цаашдаа бид модыг үрээр нь бойжуулаад ойжуулалт хийхэд болох юм байна гэсэн бодол төрсөн. Мөн залуучуудыг тогтвортой ажлын байраар хангаж болох юм байна.


Энэ ойжуулалт болон нөхөн сэргээлтийн ажлыг Сэлэнгэ аймгийн БОГ, Ойн газартай нийлж байгаад ААН-үүд болон иргэдэд урам зориг өгч, дэмжиж ажилласан нь маш үр дүнтэй ажил боллоо, бид их баяртай байна.


Тэр тусмаа хөрөнгө оруулалт хийж байгаа Тэрбум мод сан, Оюу толгой компанид баярлалаа гэж хэлье.

Холбоотой мэдээ