Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажил 43 хувийн гүйцэтгэлтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-11-17 15:05:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн явц 43 хувийн гүйцэтгэлтэй байгааг гүйцэтгэгч “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп” компанийн удирдлагууд хэлэв.

Одоогийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан байгаа аж. Хотын дарга С.Батболд өнөөдөр тус гүүрэн гарц барих ажлын явцтай танилцсан юм.



Тэрбээр хэлэхдээ, “Барилгын ажилд саад болж буй хэсгийн газар чөлөөлөлтийг газар дээр нь танилцан шийвэрлэж байна. Мөн Хятадын тал Монголын талаас гарах санхүүжилтийг шийдэж өгөхийг хүссэн. Сангийн яамнаас энэ онд багтаан энэ асуудлыг шийдвэрлэж чадвал уг байгууламж төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй хэмээн гүйцэтгэгчид хэлж байна” гэв.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн барилгын ажил 12 дугаар сарын эхнээс түр зогсох юм байна. Үүнтэй холбогдуулан олимпын гудамжны замыг ирэх оны 3 дугаар сар хүртэл түр нээхээр болжээ. 

Энэ талаар Нийслэлийн Автозамын хөгжлийн газар /НАЗХГ/-ын орлогч дарга Б.Индра, “Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан ирэх сарын 15-наас ирэх оны 3 дугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлана. Энэ хооронд Олимпын гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпын гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарны замаас Олимпын гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцон, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээв.


Холбоотой мэдээ