Чөлөөт бөхийн U23 ДАШТ-ээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-11-19 15:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн “Бухарест-2018” 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д Г.Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо.


Тэрбээр Румынд манай тамирчдын дөрөв дэх, эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирч манай эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс анхны медальтан болж байна.  23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа зодоглосон Г.Ганхуяг 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд  Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан.


Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй тун хийгүй барилдан 4:1-ээр ялснаар медалийн тавцанд гарлаа.

Холбоотой мэдээ