Ж.Мөнхбат УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-19 15:30:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “УИХ-ыг тараах тогтоолын төсөл” санаачлан, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. Энэ талаар тэрбээр “Энэ сарын 17-нд болсон чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ, Засгийн газрыг тараах талаар байр сууриа илэрхийлсэн. Үүний дагуу гишүүдийн гарын үсгийг өнөөдрөөс цуглуулж эхэллээ. Манай бүлгийн хэд хэдэн гишүүн дэмжиж, гарын үсэг зурахаа илэрхийлсэн. Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсон. Миний бие эдгээр хүмүүст хариуцлага тооцох талаар намын удирдлагуудад хэлж байсан ч хүлээж аваагүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлд “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3/2-оос доошгүй нь үзсэн тохиолдолд өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “УИХ-ын нийт гишүүний 3/2-оос доошгүй нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзэж хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг хэлэлцэж ёсоор болгосноор хугацаанаас өмнө тарна” хэмээн заасны дагуу тогтоолын төсөл санаачлан, гарын үсэг цуглуулж байна. Мөн энэ сарын 16-ны орой үл таних хоёр этгээд миний Хэвлэл, мэдээллийн асуудал хариуцсан төлөөлөгч н.Зөнбилэгийн биед халдсан. Энэ асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Энэ бол УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахтай холбоотой миний хэлсэн үгнээс үүдэн улс төрийн хүчнээс  өгч буй сануулга гэж үзсэн. Тиймээс уг хэргийг шуурхай шалган шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг өнөөдөр ХЗДХ-ийн сайдад хүргүүлсэн. Мөн надад болон миний гэр бүл, ойр дотныхонд халдах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч өгөх хүсэлтийг цагдаа болон тагнуулын байгууллагад хүргүүлээд байна” гэлээ.

Холбоотой мэдээ