Улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн худаг гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-27 14:09:10

Ховд/МОНЦАМЭ/Бэлчээрийн усан хангамж сайжруулах, худаг уст цэг гаргах ажлын хүрээнд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарлагдсан Ховд аймгийн таван сумын бэлчээрт инженерийн хийцтэй таван худаг, Ховд аймгийн Баяннурууны аймаг дундын отрын бүс нутагт 4 худаг  улсын төсвийн хөрөнгөөр шинээр гаргахаар болсон юм.

Уг  ажлын тендерт Улаанбаатар хотын “Сойл инженеринг” ХХК эрх авч Мөст сумын Цэцэг гол багийн Ямаатын хоолойн худаг, Цэцэг сумын Хажинга багийн Хүрэнгийн худаг, Алтай сумын Барлаг багийн Удганы шилийн худгийн өрөмдлөгийн ажил хийж дууссан байна.

 Одоо худгийн насос суурилуулж монтажлах, худгийн барилга барих, мал услах онгоц талбай, усны нөөцийн сав суурилуулах ажил гүйцэтгэлийн шатандаа явагдаж байна.

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарлагдсан Эрдэнэбүрэн сумын Хар ус багийн Өртөөний худаг, Жаргалант сумын Бичигт багийн 8 дугаар гудамжны худгуудыг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр шинээр гаргах ажлын тендерт “Эвлэл” ХХК эрх авч гэрээний дагуу ажлыг хугацаанд нь гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

“Эвлэл” ХХК мөн  Манхан сумын Ботгон багийн Бааз, Мөст сумын Баянхайрхан багийн Баянбулагийн ам, Зэрэг сумын Хөндлөн багийн Дэлийн адагийн худгуудыг гаргаж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна.

 

Холбоотой мэдээ