Шүүх хуралд 43 этгээд онлайнаар оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-21 17:00:36

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар  шүүх хуралдааны оролцогчид хүндэтгэн үзэх шалтгаантай бол онлайнаар оролцох боломжийг бүрдүүлсний үр дүнд 2018 онд 43 шүүх хуралд 43 оролцогч онлайнаар оролцож, хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн байна.

Тус аймаг дахь бүх шатны шүүхийн шүүх хуралдааны үйл явцын бичлэг архивлагдаж байдаг бөгөөд өмгөөлөгч, хэргийн оролцогчдын хүсэлтээр бичлэгийг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд хуулбарлан өгөх боломжтой болжээ.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны III улирлын байдлаар 162 хүнд холбогдох 130 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн хэрэг дотор хулгайлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, хүний биед хөнгөн гэмтэл учруулах, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд олон байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн журмуудыг олон нийтэд сурталчлах хэрэгцээ байгааг харуулж байна гэж Шүүхийн Тамгын газрын дарга П.Хишигдаваа ярисан юм.

Тус шүүхээр 162 хүн ял шийтгүүлснээс 21 хүн хорих ялаар, 67 хүн торгуулийн ялаар, 15 хүн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж, хорих ял оногдуулахгүйгээр 40 хүнийг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн 6 хүн, 13 хүн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. 

Холбоотой мэдээ