Гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-27 19:43:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хардэл гэх газарт иргэн Э-гийн гэр шатсны улмаас өндөр настай хоёр иргэн амь насаа алджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газарт 11 сарын 26-ны өглөө 10 цаг 06 минутад дуудлага ирсний дагуу Онцгой байдлын найман албан хаагч, хоёр машинтай аймгийн төвөөс зүүн урагш 47км-т тус газарт 11 цагийн үед очсон байна. Албан хаагчдыг очиход дөрвөн ханатай гэр бүрэн шатсан хороо руу нь гал дөнгөж орж эхэлсэн байжээ. Тэд шуурхай ажилласны үр дүнд бууц, хашааг нь гал түймрээс хамгаалж чаджээ.

Уг гал түймрийн улмаас 83 настай эмэгтэй Ц, 72 настай эрэгтэй Ц нар амь насаа алдсан байсныг Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Гал гарсан уг газарт бага насны нэг хүүхэд байсан гэх бөгөөд гэрээс гарч амжсан байна. 

Гал түймрийн талаар саахалт айлын хүн дуудлага өгсөн байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын ажилтан ахмад Ц.Очбадрах хэлэхдээ "Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд галлах нь нэмэгдсэн. Тиймээс сонор сэрэмж өндөртэй байх хэрэгтэй. Мөн ийм үед өндөр настан, бага насны хүүхдийг харах хүнгүй үлдээхгүй байх, гэрээ цоожлохгүй байх, үнсээ ил задгай хаяхгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй байна" гэлээ.

Холбоотой мэдээ